Тариа хураалт талдаа оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-06 20:27:04

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ намрын ургац хураалт байгаль цаг агаарын байдлаас шалтгаалж өмнө жилүүдээс оройтож эхэлсэн бөгөөд одоогоор 45,7 хувьтай, аймгийн хэмжээгээр 19,3 мянган га талбайгаас 26,5 мянган тонн үр тариа хураан аваад байна.

Нэгжийн ургац аймгийн дунджаар га талбайгаас 13,7 центнер байгаа бөгөөд Хангал суманд 20, Сэлэнгэ суманд 17,1, Бугат суманд 16,7 центнер үр тариа нэгж талбайгаас  хурааж байгаа нь энэ жилийн хувьд хамгийн их, арвин ургацтай сумдын тоонд орж байна.

Сүүлийн өдрүүдэд цас орж тариа хураалтын ажилд саад учруулж байгаа ч тариалангийн талбайн ойролцоо малчид нүүж сууж, малаа хариулахгүй байгаагаас тариаг их хэмжээгээр сүйтгэж газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учруулж байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ