Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобуснууд үндэсний хэрэглэгчдэд очлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний
үйлдвэрлэгчид болох “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал”
ХХК-иудын хамтран үйлдвэрлэсэн “МОН-30” загварын 2 цахилгаан автобус өнөөдөр
үйлдвэрийн шугмаас гарч дотооддоо нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн
болж тууз хайчиллаа.
Цахилгаан автобуснууд тус бүр 34 хүний суудалтай, ашигт зай талбай ихтэй учраас зогсоогоор 100-150 хүний багтаамжтай, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, нэг цэнэглэлтээр 200 км зам туулах хүчин чадалтай, жилдээ ердөө 6 сая төгрөгийн цахилгаан зарцуулах, Монгол орны халуун, хүйтэн эрс тэс цаг уурын орчин нөхцөлд тохирсон, тэнхлэг доошоо учир зорчигчид бууж суухад намхан, дулаан тохилог, жилд 48 сая цахилгаан хэмнэж тэр хэмжээгээр агаар, орчны бохирдлыг бууруулах онцлогтой юм байна.
Дотоодод үйлдвэрлэсэн энэ автобуснууд нь “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобусыг дотоодын хэрэглээнд нэвтрүүлэх, туршилт хийх” талаар Засгийн газраас энэ оны тавдугаар сард гаргасан 122 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ЗТХЯ болон “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл” ТББ-тай хийсэн гэрээний дагуу дээрх зөвлөлийн гишүүн нэр дурдсан “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иуд хамтран үйлдвэрлэн угсарч нийтийн тээвэрт нийлүүлж буй бөгөөд автобусуудыг захиалан худалдан авч байгаа нь тогтоолыг гаргасан Засгийн газар юм байна. Энэ үүднээс төр, засаг эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байна.
Дээрх
2 цахилгаан автобуснаас гадна “Монгол машин байгууламж” болон “Монгол машин
индустриал” ХХК-иуд “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар ажилчдын, БСШУСЯ-ны
захиалгаар сургуулийн хүүхдийн гэсэн тусгай зориулалтын суудлын автобуснууд
үйлдвэрлэн гаргаснаа өнөөдөр мөн сэтгүүлчдэд танилцуулан дээрх захиалагч нарт
түлхүүрийг нь гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болсон юм.
Энд дурдууштай таатай
нэг мэдээлэл нь цахилгаан автобус болон суудлын тусгай зориулалтын автобусуудыг
үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж, эд анги нийлүүлэх замаар “Альфа филтер”, “Бум бум”,
“Шилэн арматур” зэрэг дотоодын ААН, компаниуд кластерийн системээр оролцжээ. Дээрх
ААН-үүд нь бүгд 100 хувийн үндэсний компаниуд бөгөөд “Альфа филтер” ХХК гэхэд агаар
шүүгч филтерийг, “Бум бум” ХХК гэхэд амартозатор, автобусны суудлыг үйлдвэрлэн тус
тус ханган нийлүүлжээ. Автобусны шил, резин жийрэг, рам болон зөөлөвч, пластик
нүүр зэргийг мөн бүгдийг дотоодын компаниуд үйлдвэрлэн нийлүүлж буйг “Үндэсний
аж үйлдвэрийн зөвлөл”-ийн Ажлын албаны дарга А.Энхтуяа хэлсэн юм. Энэ утгаар “МОН-30”
цахилгаан автобус болон тусгай зориулалтын суудлын автобуснууд нь бүгд
монголчуудын оролцоотойгоор, мөн Монгол инженерүүдийн гараар үйлдвэрлэжээ гэсэн
үг. Харин суудлын бага оврын автобуснуудын хөдөлгүүрийг АНУ-ын “Каминск” фирм нийлүүлж
хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн цахилгаан автобусыг захиалагч нарт хүлээлгэн өгөх, тууз хайчлах ёслолын ажиллагаанд “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иудын зөвлөх инженер, Монголд анхны цахилгаан автобус, троллейбусыг үйлдвэрлэн нэвтрүүлсэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхан, УУХҮЯ, ЗТХЯ-ны газрын дарга нар, автобусны үйлдвэрийн ханган нийлүүлэгч дотоодын ААН, компанийн удирдлага, төлөөлөл, ажилчид оролцлоо.
Тодруулга: “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-иуд цаашид жилд 300-500 цахилгаан автобус үйлдвэрлэн гаргах зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгч нараас 500 автобус авах төсвийг тусга ан юм. Ийм тооны автобус үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн барилгаа энэ зун ашиглалтанд оруулсан байна. Энэ дашрамд дурдахад Монголд үйлдвэрлэсэн анхны цахилгаан троллейбус үйлчилгээнд гараад 20 жил, мөн анхны цахилгаан автобус “Монбус” 10 жил, эко-3 хөдөлгүүртэй “Экобус” цахилгаан автобус 5 дахь жилдээ явж байна. Нэг ёсондоо монголчууд эх орондоо автомашин, автобус үйлдвэрлээд ийм хугацаа өнгөрчээ.
Б.Болд
Гэрэл зургуудыг Б.Чадраабал