Умард Солонгост пуужингийн туршилтын талбайг татан буулгах ажил зогсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-05 13:13:13

ТОКИО. /ТАСС/. БНАСАУ-ын баруун нутагт оршдог пуужингийн туршилтын Сохэ талбайн объектуудыг татан буулгах ажил наймдугаар сарын эхээс хойш явагдахаа больсон байна. Энэ тухай  сансрын хиймэл дагуулуудын мэдээллийг ашиглан Умард Солонгосыг ажигладаг “38 North” гэх судалгааны бүлэг цахим хуудсандаа мэдээлжээ.

Пуужингийн туршилтын талбайг татан буулгах ажлууд наймдугаар сарын 3-наас хойш зогссон нь есдүгээр сарын 27-нд авсан гэрэл зургаас харагдсан байна.

Алсын зайн тусгалтай пуужин харвах туршилт явуулдаг энэ талбайг шинжээчдийн оролцоотойгоор бүрмөсөн татан буулгах үүргийг БНАСАУ-ын эрх баригчид хоёр Солонгосын удирдагчдын есдүгээр сард хийсэн уулзалтын үеэр хүлээсэн билээ.

БНАСАУ-ын эрх баригчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн аравдугаар сарын 7-нд Умард Солонгост хийх айлчлалын үр дүнг хүлээж байж магадгүй гэж “38 North” бүлгийн судлаачид үзэж байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ