"Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аян хэрэгжсэнээр зам тээврийн осол 25,3 хувиар буурсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-05 13:05:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны хүрээнд өнгөрсөн 4 сарын хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэхдээ орон нутгийн замд ачаа тээврийн стандарт зөрчсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, согтуугаар жолоо барих, мотоциклын хамгаалалтын дуулгагүй, гэрэл шилжүүлдэггүй зэрэг нийтлэг зөрчлөөс үүдэн осол их гарч буйг анхааруулав.


ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, “Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын 60 гаруй хувь, ослоос нас барсан гэмт хэргийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд гардаг. Хөдөө орон нутгийн замд энэ хувь өндөр үзүүлэлттэй байгаа учраас уг аяныг зохион байгуулсан. Өнгөрсөн 4 сарын хугацаанд Засгийн газрын 153 тоот тогтоолийн дагуу орон нутгийн замын 40 цэгт эмнэлэг, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилтантай 24 цагийн пост ажиллуулж эхэлсэн. Одоогоор 20 гаруй постыг барьж байгуулан ашиглалтад өгөөд байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 21 аймагт олон улсын стандартыг  хангасан хурд хэмжигч төхөөрөмжтэй болсон бөгөөд зам тээврийн осол ихээр гардаг 17 цэгт явуулын хяналтын цэг ажиллаж байна. Тус цэгүүдэд зам тээврийн осол хэрхэн үйлдэгддэг талаарх мэдээллийн самбар байрлуулсан.


Аяны үр дүнд 8 дугаар сарын байдлаар бүртгэгдсэн замын ослын гэмт хэрэг 25,3 хувь, зам тээврийн ослоор гэмтэгсэд 29,4 хувь, амь нас хохирсон хэрэг 18,3 хувиар буурсан.


Энэ үзүүлэлтээс харахад манай ТЦА 20 хүний амь насийг аварсан гэж хэлж болох юм. Цаашид манай аяныг үргэлжилж, хамтрагч байгууллагуудын оролцоо нэмэгдвэл энэ тоо улам буурна" гэв.


Холбоотой мэдээ