Байгаль нуур, Сэлэнгэ мөрөний сав газрыг хамгаалах хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавив

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-10-18 10:07:24
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Баярмагнай, Сэлэнгэ аймгийн ерөнхий прокурор Ж.Мөнхжаргал, Орхон аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатар, Булган аймгийн прокурорын газрын орлогч, прокурор Ж.Болорпүрэв нар энэ сарын 11-14-ний өдөр Москва хотноо айлчилж, ОХУ-ын Ерөнхий прокурор Ю.Я.Чайка, ОХУ-ын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч А.Э.Буксман, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров зэрэг албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Талууд хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, туршлага судлан, байгаль болон хүрээлэн буй орчны хамгаалал тэр дундаа Байгаль нуур, Сэлэнгэ мөрөний сав газрыг хамгаалахад хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

ОХУ-ын Ерөнхий прокурор Ю.Я.Чайка “Монгол Улс, ОХУ нь 3400 км газар нутгаар хиллэдэг, хилийн ойр үзэсгэлэнт Байгал нуур оршдог, Сэлэнгэ мөрнийг  тэтгэж байдаг хамгийн чухал нуур тиймээс хамтын хүчээр хүрээлэн буй орчныг хамгаалах нь бидний үүрэг” хэмээгээд Байгаль нуурын сав газрын байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, Сэлэнгэ мөрөний сав газрыг хамгаалахад хамтран ажиллах, хил орчмын бүсийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулан ажиллах санал дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан экологи, хүрээлэн буй орчны асуудал дэлхий дахины тулгамдсан асуудал болоод буйг тэмдэглээд Сэлэнгэ мөрөний сав газарт үйлдэгдэж буй гэмт хэсэг, зөрчлийн талаар товч мэдээлэл өгч, хил орчмын бүсийн прокуроруудын байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Түүнчлэн прокурорын байгууллагын ажилтнуудыг сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр зохион байгуулж буй ОХУ-ын Прокурорын байгууллагын туршлагыг судлаж үзэхээ тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд дугуй ширээний уулзалт зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан “Монгол Улс дахь хүрээлэн байгаа орчны нөхцөл байдал, түүний эсрэг гэмт хэрэг, зөрчил, цаашид анхаарах асуудал”-ын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. Харин Оросын тал ой мод, усан сангийн объектуудыг хамгаалах, газрын баялагийн хэрэглээ ба хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, амьтдын ертөнцийг хамгаалах, хэрэглээний хог хаягдал орчны бохирдолтой тэмцэх зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны онцлог, туршлагаас хуваалцав.

 

 

 

Холбоотой мэдээ