Монгол эрдэмтэд бичил биет ашиглан хөрсний бордоо, малын тэжээл үйлдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2018-10-04 13:59:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бичил биет нь Монгол улсын тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх, хөрсийг нөхөн сэргээх, антибиотикт тэсвэртэй нянг эмчлэх, үйлдвэрлэл явуулахад чухал ач холбогдолтойг өнөөдөр болсон “Бичил биетний олон янз байдлын судалгаа, хамгаалалт ба зохистой ашиглалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр эрдэмтэд онцлов.

Хурлыг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Микробиологийн лабораториос зохион байгуулсан бөгөөд Австрали, БНХАУ, Их Британи, Индонези, Малайз, Япон зэрэг орны 80 гаруй эрдэмтэн, судлаач оролцлоо.




ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Микробиологийн лабораторийн эрхлэгч, доктор Ж.Энх-Амгалан хурлын үеэр бичил биетийн судалгаанаас гарсан үр дүнгийн талаар танилцуулахдаа “Одоогийн байдлаар 8000 гаруй өсгөврөөр Монгол орны өсгөврийн санг бүрдүүлж байгаа бөгөөд бичил биетний 380 төрлийг олж тогтоосон. Манай эрдэмтэд бичил биетнийг ашиглах чиглэлээр 20 гаруй шинэ бүтээл хийж, 40 оновчтой санал стандарт, технологи боловсруулсан. Тухайлбал, бичил биет ашиглан хөрсний бордоо, малын тэжээл үйлдвэрлэсэн. Уул, уурхайн олборлолтоос үүдэн хөрсөнд хүнд металлын хэмжээ ихэсч нөхөн сэргээгдэх аргагүйд хүрч байна. Тиймээс хүнд металийг хоргүйжүүлэх бичил биет гарган авч, амьд организм амьдрах чадваргүй хөрсөнд суулгаснаар ургамлын амьдрах орчинг бүрдүүлэх боломжтой болсон. Мөн антибиотикт тэсвэртэй нянг устгахын тулд бичил биетийг ашиглаж байна. Японы томоохон компани манай өсгөврийг ашиглах гэрээ байгуулж шинэ ундаа гаргасан зэрэг нь бидний ололт амжилт” гэв.

Монголын эрдэмтдийн бичил биетийн талаар хийж буй судалгааны талаар Японы үндэсний технологи ба хүрээлэнгийн биологийн нөөцийн төвийн захирал Яасуо Кий, “Монгол, Японы судалгааны хүрээлэн хамтарч бичил биетний судалгаа хийж, олон сайн үр дүнд хүрсэн. Монголын судлаачид олон улсын судлаачдын түвшинд судалгаа, шинжилгээ хийж чаддаг. Өмнө нь манай улс бичил биетийг ашиглаж, үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй байсан. Зөвхөн чухал хэрэгцээт эмийн үйлдвэрлэлд ашигладаг байлаа. Харин одоо технологийн дэвшлийн ачаар бичил биетийн геномд өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой болсон” гэлээ.

Хүмүүс биологийн нөөцийг ихэвчлэн амьтан, ургамлаар төсөөлдөг. Гэтэл үүнд бактери, мөөгөнцөр, замаг гэх мэт бичил биет биологийн олон янз, генетик нөөцийн чухал хэсгийг бүрдүүлж байдаг аж. Бичил биет бидний нүдэнд харагдахгүй боловч дэлхийн ертөнцийн оршин тогтнолд чухал үүрэгтэй. Тухайлбал, дэлхийн хүчил төрөгчийн 50 хувийг бичил биетүүд ялгаруулдаг байна. Түүнчлэн хүний биеийн эсээс 3 дахин олон тооны бичил биет арьс болон гэдсэнд оршиж дархлааг дэмжиж, витаминыг нийлэгжүүлдэг аж.

Б.Янжиндулам

Холбоотой мэдээ