Өвлийн бэлтгэл ажил 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 16:40:36

Дорноговь аймгийн нийтийн орон сууц болон төрийн байгууллага, аж ахуйн нэгжийг ус, дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨҮГ ирэх жилийн өвлийн бэлтгэлийг хангахаар төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэж байна. Тус компани дөрвөн зуухыг сэлгэж ашигладаг бөгөөд нэгийг нь  шинэчилж засварлажээ.

ОХУ-д үйлдвэрлэсэн /хуучнаар ЗХУ-д/ “К25-14” маркийн уурын зуухыг  Монгол Улсын хэмжээнд зургаан аймагт ашиглаж байснаас таван аймгийнхыг шинээр бүрэн сольсон төдийгүй зөвхөн Дорноговьд л шинэчилж амжаагүй 30 жил болж байгаа  юм. Энэ талаар тус компанийн захирал П.Лхагваас тодруулахад “Хуучин зуух элэгдэл хорогдол  их гарч засвар үйлчилгээ ихээхэн шаардагддаг. Энэ зуухыг солих цаг нь болсон. Шинээр зуух авч ашиглая гэтэл санхүүжилтийг  орон нутаг гаргах боломж хомс байна. “КАВЕТС 20-25” маркийн нэг зуух авч тавихад бүхэл бүтэн аймгийг дангаараа хангах боломжтой. Гэтэл үнэ өртөг нь доод тал нь 3.2 тэрбум төгрөг байх жишээтэй. Бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан жил бүр засвар үйлчилгээг хангалттай хийж ирлээ.

Манай хамт олон 12 жил солиогүй байсан цахилгаан дамжуулах трансформаторын тосыг энэ жил бүрэн сольсон. Одоо сүлжээний насосыг солих гээд засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэж байна. Өнгөрсөн жил Өргөн суманд шинэ зуух ашиглалтад өгсөн. Тус  суманд ажилладаг ажилчдын нөхцөл байдал, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах үүднээс  8х9 харьцаатай барилга барьж ашиглалтад орууллаа. Усанд ордог шүршүүртэй, ариун цэврийн болон амралтын өрөөтэй, цахилгааны шийдтэй,  тав тухтай орчныг бүрдүүлж чадсан. Аймгийн төв дээр өвлийн  бэлтгэл ажил  70  орчим хувьтай явж байна” гэлээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд