Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-03 13:10:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо.

Энэхүү зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гарган УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэх зорилготой юм.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу дээрх зөвлөл нийт 9 гишүүнтэй байх бөгөөд Төсвийн байнгын хорооноос хоёр, Засгийн газраас хоёр, Монголбанкнаас хоёр гишүүн оруулах юм. Мөн хараат бус гурван гишүүнтэй байх ёстой. Энэ дагуу Төсвийн байнгын хорооноос Б.Даваасамбуу, Ё.Мөнхбаатар, Засгийн газраас Ш.Гунгаадорж, Э.Бямбажав, Монголбанкнаас Б.Баярдаваа, А.Энхжин нарыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Харин хараат бус гишүүнээр Г.Алтанзаяа, Ч.Дэлгэрсайхан, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нар нэр дэвшсэн. Ийнхүү нууц санал хураалт явуулахад Г.Алтанзаяа, Д.Сувдаа, Ө.Эрдэнэбаяр нар 63.6-83.3 хувийн саналаар зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан, “Монголбанк жил бүр 20 тонн алт худалдан авдаг. Мөн 3 тэрбум ам.долларын нөөц бүрдүүлсэн. Гэвч Монгол Улсад ам.долларын хаш өссөөр байна. Тиймээс иргэдийн худалдан авах чадварыг хангах, ААН-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ам.долларын ханшийг тогтворжуулах чиглэлд анхаарах хэрэгтэй” гэдгийг хэлж байв.

Мөн Ж.Батзандан гишүүн, “Монгол Улсын төсвийн тогтвортой байдалтай холбоотой томоохон судалгаа хийх зорилготой энэхүү зөвлөл зөвхөн зөвлөмж хүргүүлэх эрхтэй байгаа нь “иргүй хутга”-тай адилхан байна. Цаашид зөвлөлийн эрх, үүргийг тодорхой болгох, нарийвчлан тогтоох замаар үйл ажиллагааг үр дүнтэй явуулах чиглэлд Төсвийн байнгын хороо анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээв.

Зөвлөлийн гишүүн Ш.Гунгаадорж нь 1935 онд Дорноговь аймагт төрсөн бөгөөд Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, БНАСАУ, Казакстан Улсад Монгол улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байжээ. Улсад тасралтгүй 50 жил ажилласан байна.

Зөвлөлийн гишүүн Э.Бямбажав нь 1939 онд Увс аймагт төрсөн. ОХУ-д Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг зээлийн эдийн засагч мэргэжлээр төгссөн, хүндэт профессор. Улсад 55 жил ажиллах хугацаандаа Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын Монголын хэсгийн орлогч, Казакстан Улсад Монгол улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Сангийн сайдын албыг хашиж байсан.

Зөвлөлийн гишүүн Д.Даваасамбуу нь 1952 онд Завхан аймагт төрсөн. Тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, бизнес, эдийн засгийн магистр, хүндэт профессор. Улсад 46 жил ажиллахдаа Сангийн сайд, орлогч сайд, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын зөвлөх, ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яамны Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Монголбанкны Хяналтын зөвлөлийн орон тооны бус байгууллагын дарга, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний албыг хашиж байгаа аж.

Зөвлөлийн гишүүн Ё.Мөнхбаатар нь 1953 онд Ховд аймагт төрсөн, эдийн засгийн магистр бөгөөд төсөв санхүү, татвар, аудитын чиглэрээр АНУ, Англи, Солонгос зэрэг орнуудад мэргэжлийн сургалтад суралцсан нэгэн. УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагч, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд улсад 43 жил ажилласан байна.

Зөвлөлийн гишүүн Б.Баярдаваа нь 1982 онд Хөвсгөл аймагт төрсөн, МУИС, Австралийн Үндэсний их сургууль төгссөн, эдийн засгийн магистр. Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш, Монголбанканд эдийн засагч, улмаар 2016 оноос Монголбанканд Мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байна.

Зөвлөлийн гишүүн А.Энхжин нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, АНУ-ын Ютагийн их сургууль, Австралийн Кьюртиний технологийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн магистр тэрбээр 2004 оноос Монголбанканд ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оноос Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирлын албыг хашиж байгаа аж.

Зөвлөлийн гишүүн Г.Алтанзаяа нь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн нягтлан бодогч, багш мэргэжилтэй, удирдахуйн ухааны доктор, профессор. Тэрбээр Улсын их дэлгүүр, Нийслэлийн татварын газарт, 1996 оноос Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд багш, сургалтын албаны дарга, дэд захирлаар ажиллаж байгаа юм.

Зөвлөлийн гишүүн Д.Сувдаа нь 1968 онд Увс аймагт төрсөн, МУИС, БНСУ-ын Сөүл хотын их сургуулийг тус тус төгссөн. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, хөтөлбөр хариуцсан дэд захирал, 2017 оноос МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа аж.

Зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэбаяр 1957 онд Говь-Алтай аймагт төрсөн, МУИС, Удирдлагын академи төгссөн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Авто тээврийн удирдах газарт нягтлан бодогч, Хотын тээврийн удирдах газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1993-1998 онд “Худалдааны техник” ХХК-д дэд захирал, 2016 оноос “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа аж.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ