ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-02 18:24:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр, "ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус салбарт гарсан асуудлуудтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны наймдугаар сарын 12-нд Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн. Уг асуудлыг хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна" гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, З.Нарантуяа гишүүн Монгол Улсын төрд ажиллаж байгаа хүн нэг бүр эрхэлж буй ажил, албан тушаалынхаа чиг үүргийг хариуцлагатайгаар хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг чанартайгаар иргэдэд хүргэх зарчмыг баримтлах шаардлага хэмээв.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, "УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хууль ирэх оны нэгдүгээр сард хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах ажлуудыг үе шаттай, хэрэгжүүлж байна. Тухайлбал, Төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байдлыг эрхэмжлэх зорилгоор 47 журам шинэчлэн боловсруулаад байгаа аж. Төрийн албаны системд гарч буй дутагдалуудыг арилгаж, иргэн төвтэй тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, чадварлаг төрийн албыг бэхжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа" гэсэн тайлбар өглөө.

Ийнхүү хэлэлцэж санал хураалт явуулахад Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ