"Хүрэл буга" арьсан урлагийн үзэсгэлэнгийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-02-27 11:43:48

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн багш Р.Ариунболдын шавь нарын хамтарсан “ХҮРЭЛ БУГА” арьсан урлагийн үзэсгэлэн өнөөдөр  нээлтээ хийв.

Тус үзэсгэлэнд Р.Ариунболд багшийн 1991 оноос одоог хүртэл арьсан урлагийн мэргэжлээр төгссөн уран бүтээлчдийн төлөөлөл болсон 20 гаруй уран бүтээлчид оролцож байна. Уг үзэсгэлэнгээр өнөөгийн арьсан урлагийн чиг хандлагыг урлагт дуртай хүмүүсд хүргэхээс гадна цаашдын хөгжил, олон нийтэд арьсан урлагийн мөн чанар уламжлалыг ойлгуулан мэдээлэл олгох зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм. Үзэсгэлэнд уран бүтээлчдийн арьсаар бүтээсэн арьсан хөөмөл чимэглэл болон хэрэглээний арьсан авдар сав, цүнх түрийвч, монгол гутал, түүхий арьсан ханын чимэг, гэх зэрэг олон төрлийн өвөрмөц хийц бүхий 60 орчим бүтээл тавигдсан байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь үндэсний өв болох гар урлалын нэгэн төрөл арьсан урлагаараа бахархах, арьсан урлагийг хөгжүүлэх, хэрэглээний зүйлсээс гадна урлагийн бүтээл болохыг харуулах, мэдлэг, мэдээлэл түгээх явдал юм. Дүрслэхийн сургуульд арьсан урлагийн ангийг 1971 онд нээж, УГЗ багш П.Балдандорж, Ж.Доржсүрэн нар багшилж байсан юм. Улмаар уламжлал дээр тулгуурлан орчин үеийн хэлбэр хийцэд тохируулан, шинэлэг арга барилаар бүтээл болон бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн билээ. 1988 оноос тасраад байсан арьсан урлагийн ангийг 1991 онд дахин нээж Р.Ариунболд багш одоог хүртэл арьсан урлагийг заан сургаж 10 гаруй төгсөлтийн 200 гаруй уран бүтээлчдийг бэлтгэжээ. МУЭ үзэсгэлэнгийн танхимд нээсэн энэ үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ