А.Гутеррес:НҮБ -ын хүрээнд Монгол Улсыг бүрэн дэмжиж ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр буюу есдүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзаж Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.
Мөн тэрээр, Монгол Улсын 16 мянга орчим цэрэг, цагдаагийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа, Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрдслийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсан, ЕНБД-ын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын ЕНБД Антонио Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.
НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррес хэлэхдээ Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын Засгийн газрын оруулж буй хувь нэмэр, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын цэрэг, цагдаагйн албан хаагчид үүргээ сахилга баттай, мэргэжлийн өндөр түвшинд, нэр төртэйгээр гүйцэтгэж буйг өндрөөр үнэлээд, Монгол Улсыг НҮБ-ын хүрээнд бүрэн дэмжиж ажиллахаа нотлов.
Уулзалтын төгсгөлд ЕНБД Антонио Гутеррес олон улсын аюулгүй байдал, энх тайвныг тогтоох үйлсэд оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт, үйл хэрэгт талархаж байгаагаа илэрхийлэв.