Технологийн хөгжлөөс үүдсэн ажилгүйдлийг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-27 13:59:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөдөлмөрийн эв санааны нэгдлийн төвөөс санаачлан "Монголын Хөдөлмөрийн форум-2018" Улаанбаатар хотноо эхэлж, тээврийн салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид ажилгүйдлийг багасгах, технологийн хөгжлөөс үүдсэн ажилгүйдлийг хязгаарлах, эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн зөрүүг багасгах  талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хурлыг “Монголын Төмөр замчдын үйлдвэрчний холбоо” зохион байгуулж байгаа бөгөөд Япон, Солонгос, Тайвань, Филиппин, Шинэ Зеланд, Австрали, Мьянмар зэрэг 11 улсын төмөр зам, авто зам, далайн тээврийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцож байна. 

Монголын Төмөр замчдын үйлдвэрчний холбооны дарга Б.Баяраа "Техник технологи хөгжихийн хэрээр  ажлын байр хомсдож байна. Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй улсад төмөр зам бүрэн цахилгаанжсан нь нэг талдаа сайн боловч нөгөө талдаа ажлын байр цомхтгоход хүрсэнийг тус орны төлөөлөгчид хэллээ. Аливаа ААН байгууллага техникийн дэвшлийг нэвтрүүлэх нь зүй ёсны хэрэг боловч манайх шиг өргөн газар нутагтай, цөөн хүн амтай улсад ажлын байрыг автоматжуулж ажилчнаа цомхтгох нь буруу. Энэ нь ядуурлыг ихэсгэнэ. Тиймээс Монголын Төмөр замчдын үйлдвэрчний холбооноос тухайн ажилтны ажлын байрыг хадгалах, хөрвөх боломжоор хангахыг эрхэм зорилгоо болгосон. Ажилтнаа хүндэтгэх хамгийн сайн жишээтэй улс бол Япон. Тус улс ажилтантайгаа тэгш эрхтэй гэрээ байгуулж, хамтаар хөгжих нийгмийнхээ ёс суртахууныг ойлгох соёл суусан ард түмэн. Харин манайд ажлын байрны хадгалалт, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд байхгүй, хөдөлмөрийн хөлсний зөрүү их байдаг нь сул тал болоод  байна” гэв.




ICLS байгууллага нь Ази номхон далайн бүс нутгийн тээврийн салбарын ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн төв бөгөөд тус төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сатору Яамада хурлын үеэр сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр хэлэхдээ “Олон улсын хөдөлмөрийн эв санааны нэгдлийн байгууллагад 11 улс гишүүнчлэлтэй. Эдгээр улс нь хоёр жилд нэг удаа хөдөлмөрийн форумыг зохион байгуулдаг. Японд болсон өмнөх хурлын шийдвэрээр энэ удаагийн хурлыг Монголд хийхээр тохирсон. Орон бүр автоматжуулалттай холбогдуулан ажлын байр, ажилтны эрхийг хамгаалах талаар туршлага солилцож байна. ААН, байгууллага бүр үйлдвэрчний эвлэлтэй хамтарч ажиллан ажилтныхаа эрх ашгийг хамгаалдаг байгаасай гэж хүсч байна” гэлээ.

Хуралдаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд улс бүрийн үйлдвэрчний эвлэл хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг Засгийн газар болон ажил олгогч эздийн холбоодод хүргэх аж.

Б.Янжиндулам

Холбоотой мэдээ