Толбо-Хашаат чиглэлийн 60 км зам энэ жил ашиглалтад орохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-27 10:50:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл"-ийн хүрээнд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт баригдаж буй хатуу хучилттай авто замын CW1-3 багц буюу Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км зам энэ жил ашиглалтад орохгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.  

Уг замыг төлөвлөгөө ёсоор  2018 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч 2014-2015 оны улс төрийн тогтворгүй байдлын улмаас замын ажил хэсэг хугацаанд гацаж, хугацаа алдсанаас үлдсэн хэсгийг 2019 онд дуусгах нөхцөл байдал үүссэн байна. Замын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна Хуаши Энтерпрайзиз” компани ажиллаж байгаа бөгөөд одоогоор замын зорчих хэсгийн 36.54 км асфальт бетон хучлага хийгдсэн, ажлын нийт гүйцэтгэл 56 хувьтай байгаа ажээ. 

Дээрх төслийн дагуу Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Улаанбайшинт-Цагааннуур чиглэлд 25,8 км, Цагааннуур-Өлгий чиглэлд 70 км, Өлгий-Толбо чиглэлд 60 км, Толбо-Хашаатын даваа чиглэлд 60, нийт 215,8 км зам барихаар төлөвлөсөн юм. Үүнээс Цагааннуур-Өлгий, Өлгий-Толбо чиглэлийн зам ашиглалтад ороод байгаа ч Улаанбайшинт-Цагааннуур чиглэлийн 25,8 замын ажил мөн л орхигдоход хүрээд байгаа ажээ.

Учир нь Азийн хөгжлийн банкнаас өмнө нь авсан ажлаа /Цагааннуур-Өлгий чиглэлийн 70 км зам/ чанаргүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр тус замын барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан "Алтайн зам"  компанид санхүүжилт өгөхөөс татгалзсан байна.


Ө.Нурболат


Холбоотой мэдээ