Хээрийн эмнэлгүүдийн дадлага ажиллагааг "Онц" гэж үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-26 00:06:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт болж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад оролцогч  бүрэлдэхүүн хээрийн хүн эмнэлэгт яаралтай тусламжийн багаж хэрэгслээр хангах, мэс засал, ариутгал, төрөх, дотрын тасаг бүхий 24 гэрийг дэлгэж танилцууллаа.

Энэхүү дадлага ажиллагаа хийгээд  эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, багийн бэлтгэл, зохион байгуулалтыг удирдлагын түвшинд онцолж хээрийн эмнэлгүүдэд "Онц" үнэлгээ өгөв. Эмч, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн мэргэжлийн ангийн 94 хүн, долоон техник хэрэгсэл дадлага сургуулийн үеэр ажилласан бөгөөд газар хөдлөлтийн улмаас үүссэн нурангиас аврагдсан хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

 Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр  удирдан ажиллаж байна.



Харин мал эмнэлгийн тухайд 41 хүн, 17 техник хэрэгсэл мал амьтны гоц халдварт өвчний үед голомтод хэрхэн ажиллах, өвчилсөн малаас хэрхэн дээж авах, ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийдэг, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай яаж хамтран ажилладаг зэрэг дадлага сургуулийг үзүүлсэн юм. Хээрийн мал эмнэлэг зүүн бүсийн Зооноз өвчин судлалын төвөөс нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулсан нь онцлог байв.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ