С.Дэмбэрэл: Хууль эрхзүйн орчинг сайжруулснаар зээлийн хүү буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-24 13:55:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Манай улсад санхүүгийн салбарын зах зээл эрчимтэй хөгжиж ирсэн ч энэ зах зээлд оролцогчдын эрх ашгийг хөндсөн, санхүүгийн салбарын хэрэглэгчдийн эрх зүйн орчин хангалтгүй, сул явж ирснийг Монголбанкаас зохион байгуулсан зээлийн хүүг бууруулах хэлэлцүүлгээр хөндөв.

Санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Дэлхийн банкнаас манай улсад 2012 оноос сануулан зөвлөмж өгч ирсэн юм. Улс орнуудын туршлагаас харахад хууль эрхзүйн орчинг сайжруулах нь зээлийн хүүг бууруулах нэг арга зам аж. Тиймээс Зээлийн хүүг бууруулах талаар хууль эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай байгааг өнөөдөр хэлэлцүүлгийн үеэр Төвбанк, СЗХ, Сангийн яам зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтэн төлөөллүүд хэлж байв.

Манай улсад 1998 оноос хойш 3 жил тутам зээлийн хүү буурч ирснийг тэмдэглэж байв. Үүнийг УИХ-ын гишүүн асан, Зах зээлийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл үечилсэн байдалтай явж ирснийг хэлсэн. Тэрээр өндөр болон нам инфляцтай байсан үеүдийг зээл, хадгаламжийн хүүгийн зөрүүтэй харьцуулж үзэхэд үүний зөрүү буурч 2017 оны байдлаар 6.9 хувь гарч байсныг дурдаад, тэгвэл 2002 онд инфляцийн түвшин 1.7 хувьтай гарч байхад зээлийн хүү маш өндөр байсан. Эндээс дүгнэж хэлэхэд зээлийн хүү зөвхөн инфляциас хамаардаггүй, эдийн засгийн нөхцөл байдлын мөчлөг үеийг дагаж шийдвэр гаргадаг арилжааны банкуудын ашгийг өндөр болгох “авир төрх” хүртэл гээд энд олон зүйл нөлөөлж буйг онцлов. Зээлийн хүүг бууруулах арга гарцын талаар манайд сүүлийн үед хүүгийн дээд хэмжээ, таазыг  тогтоож өгөх зэрэг олон хувилбар ярьж буй ч одоогийн байдлаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг боловсруулан санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах зорилгын хүрээнд Монголбанк, СЗХ, Сангийн яамны зөвлөл удахгүй батлан гарах гэж буйг хэлэлцүүлгийн үеэр албаны хүмүүс дуулгасан.  Үүнийг зөвхөн мөнгөний бодлогоор бус санхүүгийн бодлогын хүрээнд улсын төсөвтэй уялдуулан макро түвшинд зохицуулж авч үзэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

Тодруулга: Манай улсад зээлийн хүү 2011 оноос хойш ойролцоогоор жилийн 20 орчим, хадгаламжийн хүү 12 орчим хувьтай явж иржээ. Эдийн засгийн онолоор олон улсын түвшинд зээлийн хүүнээс хадгаламжийн хүүг хасах замаар энэ хоёр үзүүлэлтийн дүнд зээлийн хүүний зөрүүг тодорхойлдог бөгөөд энэ нь тухайн улс орон санхүүгийн зуучлалын хөгжлийг илэрхийлдэг байна. Манайд энэ үзүүлэлт 5-6 хувьтай байгааг боломжийн хэмжээнд байгаа гэж мэргэжилтнүүүд үзэж байна. Зээлийн хүүг нэрлэсэн болон бодит хүү гэж авч үздэг бөгөөд манай улсад бодит зээлийн хүү бусад оронтой харьцуулж авч үзэхэд дундаж түвшинд байгаа аж.

Б.Болд

Холбоотой мэдээ