Монголын Телевизүүд контентын үнэ цэнэ агуулгын талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-02-25 12:44:49

“Контентын үнэлэмж-Монголд” сэдвийн дор зохион байгуулж буй “Монголын Телевизүүдийн чуулган” өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ.

Чуулганаар телевиз, дүрсний  уран бүтээлчид бүтээж буй контентын үнэ цэнэ, агуулгын талаар хэлэлцэв. 

Өнөөдөр бид  280 гаруй телевиз үзэж байгаагаас нэг хүнд ногдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлж 16216 хүн тутамд нэг телевиз ногдож байна. Цөөн хүн амд ингэж олон телевиз байгаа нь контентын өрсөлдөөнийг хурцдуулж байгаа ч үзэгчдэд хүргэж байгаа контент /агуулга/-ыг улам чанартай болгохыг шаардаж байна.

Максима Медиа компанийн бэлтгэсэн 2015 оны телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайланд Улаанбаатар хотын дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 10 минутаар буюу 3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь үзэгч олон чанаргүй мэдээллээс илүү чанартай бүтээлийг эрхэмлэдэг болсон нь илт.

"Maxima media" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Гомбожав, “Телевизийн салбарын хувьд телевизийн рейтингийг, улмаар ашиг орлогыг нь тодорхойлох гол хүчин зүйл нь контент болж байна. Гэхдээ контентын бизнес Монголд зүй ёсоор хөгжих гадаад болон дотоод орчин тийм ч таатай биш, тэрхүү орчинд тохирсон салбарын бодлого төдийлөн тодорхой бус байна” хэмээн онцлов.

Чуулганаар “Монголын телевизүүдийн Контент ба түгээлт-Тулгарч буй шинэ бэрхшээлүүд”, “Зохиогчийн эрхийн зөрчил ба алдагдсан боломжууд”, “Телевизийн бизнес ба ёс зүй”, “Контентын үнэлэмж Монголд”, “Зар сурталчилгаа нийлүүлэгчид/ маркетерууд Телевизээс юу хүсдэг вэ?” гэсэн сэдвээр салбар хуралдаанаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Чуулганд Мэдээлэл Технологи, Шуудан Харилцаа Холбооны Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Газар, Оюуны Өмчийн Газар болон Монголын Телевиз, Хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож байна. Мөн Bloomsbury Partners, Bomanbridge, Endemol Shine group, Fremantle media, Legendary television, The sportsman media group, Asiasat зэрэг гадаадын телевиз, студийн төлөөлөл оролцож өөрсдийн нэвтрүүлэг, форматыг танилцуулж, туршлагаасаа хуваалцана. 

Контент бүтээгчид бол авьяастай хүмүүсийн цуглуулга биш улс орны эдийн засагт хувь нэмрээ бодитоор оруулдаг, оюуны үйлдвэрлэгчид юм. Тиймээс энэ удаагийн чуулган цаг үеэ олсон, телевиз, дүрсний уран бүтээлчдийг цаашдын өнгө төрхийг тодорхойлж, амжилттай болно гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Маргааш “Контент бүтээгчдийн өдөрлөг” танилцуулга, үзэсгэлэн зохион байгуулах юм. Үзэсгэлэнгийн үеэр контент, форматын худалдаа, студи, дистрибютерүүдтэй танилцах арга хэмжээ, уулзалт болно. 

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ