“Монгол цэргийн жавхаа-2016" уралдааны 4 дэх жилийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-24 15:18:21

 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-тай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны 4 дэх жилийн нээлт өнөөдөр Офицеруудын ордонд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Хил хамгаалах Ерөнхий газрын штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, "Монгол цэргийн жавхаа - 2016" уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын удирдлага, албан хаагчид, иргэд оролцов. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм. Уралдааны нэгдүгээр шат 2 дугаар сарын 24-ний өдрөөс 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулна. Хоёрдугаар шатны шалгаруулалт 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл болж, нэгдүгээр шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ. Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархлын өдрийг 5 дугаар сарын 28-нд Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл гардуулдаг байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ