Цэнгэл, Баяннуурт 11 мянга орчим толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:01:14

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө. Засаг даргын ярьж байгаагаар тус аймгийн нутгийг нэлэнхүйд нь цас дарсанаар есөн есийн үе нэлээд бачимдууллаа.

Малчид нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, улсын зүгээс нөөцийн өвс тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр тусалсны ачаар ачаалал хөнгөрч эхлэв. Хаврын салхи гарч зарим нутгаар цас ханзран бэлчээр гарч эхэллээ. Дээр нь зуун сая төгрөгийн нэмэлт тусламж ирсэнийг төл бойжуулах, даваануудын цас арилгахад зарцуулах гэж байгаа гэнэ.

-Цэнгэл сум, Улаанхусын Ойгор, Сагсайн Даян, Баяннуур, Булган сумдын нутаг цастай байна. Цэнгэл, Баяннуурт 11 мянга орчим толгой мал хорогдон, мал хээл хаяж эхэлсэн. Улаанхус, Сагсай, Цэнгэл сумын малчид хаваржаа руугаа нүүдэл хийж байна. Замын цасыг арилгах, тэдэнд өвс тэжээл хүргэх ажил өрнөлөө. Булган, Дэлүүн, Толбо, Улаанхус, Хөх хөтлийн эмнэлгүүдийг түргэн тусламжийн шинэ тэрэгтэй болголоо. Гэхдээ эрүүл мэндийн стандарт шаардлагын хэмжээнд хүрээгүй. Жишээлбэл манай аймгийн 8000 хүн амтай сумын төсөв, орон тоо зарим аймгийн 1500 хүнтэй сумын төсөв, орон тоотой адил тэнцүү байгаа нь тус аймагт эрүүл мэндийн үйлчилгээ хөдөөний иргэдэд бүрэн хүрэхгүй байгааг харуулдаг. Одоо мал ид төллөх цаг ойртсон тул үүнд гол анхаарлаа хандуулж байна гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ