Дөрвөн хүнийг хутгалсан хэрэг Өвөрхангайд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 14:58:56

46 настай малчин эрэгтэй Б дөрвөн хүнийг хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 21-нд Өвөрхангай аймагт гарлаа. Тэрээр Хархорин сумын Шанх багт Өлзийт-Овоо гэх газарт малчин Э-ийнд туслах малчнаар ажилладаг бөгөөд архидан согтуурсан үедээ малчин Э-г толгой, цээжинд нь арваад удаа хутгалаад зугтсан байна.

Зугтаж явах үедээ тус багийн иргэн 34 настай А-ийнд очиж, түүнийг хүчирхийлэхийг завдсан ба эсэргүүцэл тавьлаа хэмээн цээжинд нь хутгалж, түүний ээж 57 настай Ц-ийн хэвлий тус газар мөн хүйтэн мэсээ хүргэжээ. Согтуу этгээдийн гэмт үйлдэл үүгээр зогсоогүй бөгөөд 45 настай С-ийнд очиж, гуя, гаранд нь гэмтэл учруулсан байна.

Дөрвөн хүнийг хүйтэн мэсээр гэмтээн хүнд шархдуулсан этгээд морьтой зугатааж, хэрэг болсон газраас 20 гаруй км-ын зайтай нуугдаж байхад нь Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирдоржоор ахлуулсан бие бүрэлдэхүүн баривчлан саатуулсан байна.

Уг хэргийг үйлдэгч Б нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат бөгөөд урд өмнө нь чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хугацаатай ял эдэлж байсан, энэ хугацаандаа хоёр хүнийг зэвсгийн чанартай зүйлээр гэмтээн ялаа нэмүүлж байсан рецедив гэмт хэрэгтэн байжээ.

Түүний үйлдсэн хэргийг Хархорин сумын Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хохирогчид аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа ба “А”-ийн биеийн байдал хүнд байгааг эх сурвалж хэллээ.

 Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ