Молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-02-22 15:37:29

Өнөөдөр “Монгол-Хятадын Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори”-ийн үйл ажиллагааг нээж, хоёр тал хамтран ажиллахаар болов.

“Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ШУТЯ-тай “Монгол Улсад анхны Шинжлэх ухааны парк байгуулах талаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ШУТЯ “Хятад-Монголын Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд Монгол Улсын БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн сан, ШУ паркийн ажлын алба, Эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл болсон эрдэмтэн судлаачид, БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн яам, Өвөрмонголын Шинжлэх ухаан, мэргэжлийн танхим, ХААИС, Технологи дамжуулах төв  хамтран БНХАУ-ын Засгийн газрын 1 сая ам.долларын тусламж болон Монгол Улсын Засгийн газрын 350 мянган ам.долларын дэмжлэгээр тус лабораторийг  байгууулжээ.

Уг лаборатори нь генетик, уургийн биотехнологи, пробиотик бактерийн судалгаа зэрэг Молекул биологийн чиглэлийн судалгаа явуулахад зориулсан нарийн мэргэжлийн багаж төхөөрөмжөөр  тоноглогдсон бөгөөд судалгааны үр дүнд гарсан бүтээгдэхүүнийг боловсруулна. Хамтарсан лаборатори нь Монгол, Хятадын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд эрдэмтэн, судлаачид судалгааны ажлаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой нээлттэй лаборатори юм.

Энэ лабораторид Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиудад нэн шаардлагатай байгаа лабораториудын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Монголын эрдэмтдийн саналаар Хятадын засгийн газрын үзүүлж буй дэмжлэгээр үндсэн үйл ажиллагааны багаж хэрэгсэл, туршилтын дагалдах материал хэрэгслээс гадна өндөр үзүүлэлттэй шингэн хроматограф, ELISA, полимеразын гинжин урвалын төхөөрөмж, гель электрофорезийн дүрслэлийн машин, сүүний найрлага тодорхойлогч машиныг суурилуулжээ. Мөн азот хэмжигч (azotometer), тослог тодорхойлогч төхөөрөмж зэрэг молекул биологийн туршилтад шаардагдах нарийн багаж төхөөрөмжүүд болон боловсруулалтын зориулалттай капсулаар бүрэгч хагас автомат машин, хавтгай хэлбэрээр бүрэгч машин, үрэл хэлбэрээр шахагч машин зэрэг тоног төхөөрөмжтэй юм. Үүнээс гадна лабораторид шаардлагатай эм, урвалж бодисоор хангагджээ. 

Лабораторид төлөвлөсөн судалгаа, шинжилгээнүүдийг дурдахад, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа сүү, цагаан идээний төрөл тус бүрийн найрлагын нарийвчилсан судалгаа, хүнсний бүтээгдэхүүний витамин, эрдэс бодисын хэмжээг, монгол малын сүүний шинж чанар, амин хүчлийн хэмжээг тус тус тодорхойлох юм. Мөн мал амьтдын генетикийн болон ургамлын химийн найрлагын судалгаа, уламжлалт анагаах ухааны чиглэлээр Монгол орны эмийн ашигт ургамлын болон жимс жимсгэний найрлага, байгалийн гаралтай уурагт нэгдлийн биологийн идэвхийн судалгааг явуулна. Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Төлөвлөсөн судалгаанаас гадна Өвөрмонголын ХААИС-ийн профессор Журамт эрхлэн гаргасан “Тэмээ ба чихрийн шижин өвчин” судалгааны бүтээл лабораторийн анхны бүтээл болж хэвлэгдээд байна. Цаашид тус лаборатори нь судалгааны ажлын хүрээнд олон нарийн судалгааг хийх боломжтой юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ