Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг УИХ-ын гишүүн М.Сономпил хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-22 13:28:25

Манай улсад айлчилж буй БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил хүлээн авч уулзав.  

Уулзалтын эхэнд М.Сономпил гишүүн Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай хоёр талт болон олон талын харилцаа хөгжүүлэхийг эрмэлздэгийг илэрхийлээд, энэ хүрээнд Индонез Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгааг дурдав. Мөн хоёр улсын харилцааны хөгжилд хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг гээд Монгол Улс 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Индонезийн Ерөнхийлөгч Ж.Виводо оролцоно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд, найрсаг дотноор хүлээн авч буйд талархаж байгаагаа илэрхийлээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа жил энэхүү айлчлалыг хийж байгаа нь ихээхэн онцлог болохыг дурдлаа. Мөн хоёр орны парламентын бүлэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж ирсэнийг онцлоод, айлчлалын үеэр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буй явдал нь парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бататгаж, харилцан туршлага судлах, мэдлэг, мэдээлэл солилцох чухал суурь болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хүчирхэг ардчилалтай хоёр орны парламентын хамтын ажиллагаа дэлхийн ардчиллыг дэмжихэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна гэв.

Дашрамд дурдахад, Монгол Улс Бүгд найрамдах Индонез улстай 1956 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Индонези, АСЕАН-ы орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор манай улс 2014 онд Жакарта хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм. 

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ