Мөсний баярт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:55:21

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хаан их сарьдаг хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг Мөсний баяр 16 дахь жилдээ Хатгал тосгоны Доод модот буланд 3 сарын 3,4-ний өдрүүдэд болно.

Өмнөх жилүүдэд аймгийн Засаг даргын тамгын газар бие даан зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн оноос эхлэн аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулдаг болжээ. Энэ жилийн мөсний баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох бөгөөд мөсөн урлалын бүтээлийг гадаад дотоодын олон наадамд оролцож байсан 12 уран бүтээлч урлахаа мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар мөсний зузаан 98 см, зах талруугаа 130 см хүртэл хөлдсөн тул иргэд заасан тэмдэг тэмдэглэгээг даган явбал аюулгүй байх боломжтой гэнэ. Баярын үеэр морин чарга, спорт загасчлал, мөсөн шагай, тэшүүрийн тэмцээн болох ба  Хаан их сарьдаг, хатан далай ээждээ хүндэтгэл  үзүүлэх, галын наадам, бөөгийн үзүүлбэр зэрэг уламжлал болсон арга хэмжээнүүд төлөвлөгджээ.

Мөн энэ жилээс эхлэн тус арга хэмжээг үзэж сонирхохоор ирсэн тээврийн хэрэгслээс нэг удаа 10000 төгрөг авахаар болсон гэдгийг мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг мэдээллээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ