Завхан хүнс ХХК Бургастайн боомтоор мах экспортолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:02:12

Завхан хүнс ХХК мах экспортлох шалгалтад тэнцжээ. Монгол Улсын мах бэлтгэгч есөн компани БНХАУ руу Мах экспортлох хүсэлт гаргажээ.  Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хамтарсан шинжээчид урд хөрш рүү мах экспортлох сонирхолтой “Завхан Хүнс”, “Мон Тува”, “Хүн Од” зэрэг есөн компанийн  үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтад эхний ээлжинд “Завхан Хүнс”, “Мон Тува”, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” гэсэн гурван компани тэнцэж БНХАУ руу мах экспортлох эрхтэй болсон байна. Монгол, Хятад хоёр улсын шинжээчид Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгуудыг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж нэрлээд дээрх аймгуудаас бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг экспортлохыг БНХАУ-ын тал зөвшөөрчээ.Үлдсэн зургаан үйлдвэрийг махны гарал үүслээ тодорхой болгож, орчны эрүүл ахуйгаа сайжруул гэсэн шаардлагыг тавьсан байна.

Монголоос урд хөрш рүү мах экспортлох үйлдвэрүүд хоногт ойролцоогоор 1000-3000 толгой бог, 500-1000 толгой бод нядалж, бэлтгэх чадалтай. Жилд 6-10 мянган тонн мах бэлтгэж, экспортлох боломжтой аж. Харин “Мон Тува”, Завхан хүнс ХХК-иуд нь өмнө нь ОХУ руу жилд 1000-2000 тонн мах экспортолж байсан туршлагатай.Мах бэлтгэлийн үйлдвэр нь Увс, Завхан аймагт байрладаг. Ойролцоох Говь-Алтай, Завхан аймгуудын малчдаас махаа бэлтгэдэг юм. Энэ удаад Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор Хятад улс руу мах экспортлох зөвшөөрлийг авчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ