Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг үндсээр нь устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-19 14:47:54
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Цагдаагийн газар сүүлийн гурван жилд хар тамхины хэргээр 12 холбогдогчтой эрүүгийн 4 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ.

Мөн долоон байршилд “олсны” зэрлэг ургамлыг үндсээр нь устгах ажил зохион байгуулсан байна. “Олсны” зэрлэг ургамал нь мансууруулах үйлчилгээтэй юм. Иймд 130 га газрыг трактороор хагалж үндсийг нь устгажээ.  Үүнийг  “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт зөвлөлгөөний үеэр Цагдаагийн байгууллага мэдээлсэн юм. Эл зөвлөлгөөнийг аймгийн Прокурорын газар санаачилсан бөгөөд Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан юм.  

Мансууруулах бодисыг байнга хэрэглэвэл түүнээс хараат болж донтохоос гадна хүний сэтгэл зүй, сэтгэцэд нөлөөлдөг. Гэхдээ ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож буй иргэдийг судлахад дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг болон өртөж байсан, бусдын нөлөөнд автахдаа амархан байсан нь тогтоогджээ. Мөн манай улс гурван жилийн өмнө мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын тээвэрлэгч, дамжин өнгөрөгч орны ангилалд байсан бол өдгөө хэрэглэгч оронд хамаарах болжээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ