Монголын тэшүүрчид 6 алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-19 10:57:57

АНУ-д болсон гүйлтийн тэшүүрийн тэмцээнээс нийт 6 алтан медаль хүртсэн тамирчид өнөөдөр 16 цагийн орчимд "Чингис хаан" нисэх буудалд буух гэж байна хэмээн Монголын тэшүүрийн холбооноос мэдээллээ.

Гүйлтийн тэшүүрийн мастеруудын Дэлхийн цомын нээлттэй тэмцээн энэ сарын 6-7-нд АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотын "Pettit National Ice Center" ордонд болж манай тэшүүрчид амжилттай оролцож Төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Тэмцээнд 9 орны 80 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас ОУХМ Н.Эрдэнэтуяа, Б.Сансарбилэг, Ц.Батбаяр нар хурд, хүчээ сорьсон байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 500 м, 1000 м, 1500 м-т уралдсан ОУХМ Н.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 500 м, 1000 м, 1500 м-т хурд сорьсон ОУХМ Б.Сансарбилэг нар уралдсан зай бүртээ аваргалж, хувийнхаа дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо.

Дашрамд сонирхуулахад, Н.Сансарбилэг "Нагано 98" өвлийн олимпод оролцож байсан манай гүйлтийн тэшүүрийн шилдэг тамирчдын нэг билээ. Тэмцээнийг Чикаго хотод ажиллаж, амьдардаг монголчууд үзэж, тамирчдаа дэмжсэн ба "Мөрөөдөл биелдэг" нэвтрүүлгийн уран бүтээлчид бүрэн эхээр нь тус тэмцээнийг сурвалжилсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ