“Лалын улс”-ын 26 мянга гаруй босогчийг устгажээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-02-18 11:20:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ тэргүүтэй олон улсын эвслийн өгсөн агаарын цохилтоор Сири, Иракт террорист “Лалын улс” бүлэглэлийн 26 мянга гаруй босогчийг устгажээ. Энэ тухай Америкийн телевизийн “CNN” суваг мэдээлжээ.

Тус сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, дээрх тооцоог Вашингтоны эрх баригчид зөв тооцоо гэж үзэж байгаа аж. 2015 оны сүүлээр эвслийн устгасан босогчдын тоо 20 мянга орчим, 2015 оны гуравдугаар сард 8500 гаруй байсан байна.

АНУ-ын Агаарын цэргийн хүчин Ирак дахь лалын шашинтнуудын байрлалд 2014 оны наймдугаар сараас, харин Сирид есдүгээр сарын 23-наас эхлэн агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Иракт явуулж буй ажиллагаанд Австрали, Их Британи, Канад, Нидерланд, Франц улс оролцож байгаа бол Сирид Австрали, Бахрейн, Их Британи, Иордан, Канад, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, Турк, Францын Агаарын цэргийн хүчин оролцож байна.  

Сирид 2012 онд мөргөлдөөн эхэлснээс хойш наад зах нь 120 орны босогчид тус улсад ирсэн тухай АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жеймс Клэпер Германы Мюнхен хотод хоёрдугаар сарын 12-нд болсон олон улсын аюулгүй байдлын жил тутмын бага хурлын үеэр мэдэгджээ. Энд “Барууны орнуудаас ирсэн 6900 босогчийг оруулаад наад зах нь 38200 гадаадын босогчийн тухай яригдаж байгааг” Клэппер тодруулсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ