Аварга цолтнуудын шагналыг гардуулжээ

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 18:15:06

Сүүлийн гурван жилд Баян-Өлгий аймгийн мал сүргийн тоо 600 мянган толгойгоор өссөн нь байгалийн буян хишиг хэмээн олон түмэн бэлэгшээж байна.

Хонин жилийн ажил хөдөлмөрөөрөө тус аймгийн Сагсай, Цэнгэл, Буянт, Алтай сумдын дөрвөн малчин, Баяннуур, Алтанцөгц сумын хоёр тариаланч улсын тэргүүний, Толбо, Цэнгэлийн хоёр малчин алтан төлийн эзнээр, хорь гаруй малчид, тариаланчид аймгийн аварга сайчуудаар тодров. Уг цолыг тухайн өрхийн тэргүүн нарын хамт эзэгтэй нь бас эзэлдэг болж «шагналын хур буух» мэт болсон нь оны нэгэн онцолмоор үйл явдал болов. Шагналыг аймгийн удирдах ажилтнууд цагаан сарын баяраар газар дээр нь очиж гардуулаад баяр хүргэв.

Улсын тэргүүний тариаланч Б.Хуаныш: «Би хөдөлмөрийн гараагаа анх Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд тракторчнаар эхэлж, улмаар 1980 оноос Баяннуурын сангийн аж ахуйд ирээд тариаланчидтай хамт олон жил ажилласан явдал миний ажил амьдралд ихээхэн тус болсон. 1990 оноос хувийн техниктэйгээ газар тариалан эрхлэн төмс хүнсний ногоо тариалж их ургац авдаг болж амжилтаа жил дараалан ахиулсаар байна» гэсэн бол аймгийн аваргааар тодорсон тус сумын залуу малчин Х.Нурланбек: «Эцгийнхээ халааг залгамжлан хорь орчим жил мал малласаар мянга гаруй хонь ямаа, тавин үхэр, жаран адуутай боллоо. Мал сүргээ өсгөн үржүүлж амьдрал ахуйгаа сайжруулахын тулд юуны өмнө бэлчээр нутгаа зөв зохицуулан ашиглаж, байгаль цаг уурын ямар ч нөхцөлийг давж чадахаар өвс тэжээлээ нөцлөх хэрэгтэй байна» гэж сэтгэгдлээ ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ