Америкийн эрдэмтэд таталцлын долгион байдгийг нотолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-12 13:54:30

МОСКВА. /RIA Novosti/. Шинжлэх ухааны түүхэн дэх гол үйл явдлуудын нэг пүрэв гарагт болж өнгөрлөө.  Харьцангуйн онолыг нээсэн Альберт Эйнштейнийг таталцлын долгион байдаг гэж таамаглаж байснаас 100 жилийн дараа ийм долгионыг илрүүлснээ Америкийн эрдэмтэд пүрэв гарагт Вашингтон хотноо мэдэгджээ.

Таталцлын долгионыг 2015 оны есдүгээр сарын 14-нд Луизана болон Вашингтон муж улсын “LIGO” одон орны төвүүдийн илрүүлэгчээр бүртгэж авсан байна. Сансрын алс уудамд хоёр “хар нүх” мөргөлдсөнөөс үүссэн “орон зай-цаг хугацааны долгионыг” Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтэд бүртгэж авч чаджээ. Хар нүхнүүдийн масс нь Нарны массаас 29 болон 36 дахин хүнд байсан бөгөөд хоёр хар нүх 1.3 тэрбум жилийн өмнө мөргөлдөж нэгдсэн байна.

Харьцангуйн ерөнхий онолд зааснаар бол хоёр “хар нүх” бие биеэ тойрон эргэхдээ таталцлын долгионы цацрагийн улмаас энергээ алддаг аж. Үүний улмаас тэд нэг тэрбум жилийн хугацаанд аажмаар хоорондоо ойртдог бөгөөд улмаар мөргөлдөж, нэг “хар од” үүсэн таталцлын долгион ялгаруулдаг байна.

Эрдэмтэд мөн таталцлын долгион байдгийг нотлохын сацуу “хар нүх”-ний давхар систем байдгийг нотолжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ