Шинэ жилийн салют Бээжинд хорт утаан манан тогтоход хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-08 12:27:27

БЭЭЖИН. /TASS/. Билгийн тооллоор шинэ жилийн баярыг тохиолдуулан буудуулсан салютууд нь Хятадын нийслэл Бээжин хотод хорт утаан манан тогтоход хүргэжээ. Нийслэл хотын байгаль орчны хяналтын төвийн мэдээлснээр, эрүүл мэндэд хортой “PM 2.5” тоосонцрын агаар дахь агууламж хотын зарим дүүрэгт шоо метр тутамд 750 микрограмм байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнээс 30 дахин давсан үзүүлэлт аж.

Хятадын нийслэл хотын өмнөд хэсэгт илүү хүнд нөхцөл байдал үүссэнийг тус байгууллага мэдээлж байна. Агаарын бохирдлын түвшин өндөр байгаатай холбоотойгоор Бээжингийн эрх баригчид амьсгалын замын өвчтэй хүүхэд, хөгшдөд гудамжинд аль болох удаан байхгүй байхыг зөвлөжээ.

Утаанд агуулагддаг тоосонцрууд нь уушгиар дамжин бие организмд нэвтэрч, улмаар хуримтлагддаг бөгөөд хэмжээ нь хэтэрвэл зүрх судасны өвчин тусахад хүргэдэг аж.

Энэ шалтгаанаар Хятадын эрх баригчид “Их хэмжээний агаарын бохирдолд шуурхай хариу арга хэмжээ авах төлөвлөгөө”-г 2013 оны сүүлээр баталжээ. Уг төлөвлөгөө нь хотуудын үйлчилгээ, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг экологийн түгшүүрийн “хөх”, “шар”, “улбар шар”, “улаан” гэсэн дөрвөн түвшнээр зохицуулдаг байна.

Д.Жаргал


 

Холбоотой мэдээ