Умард Солонгосчууд шинэ оноо болон хиймэл дагуул хөөргөсний баяраа тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-08 12:03:10

ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгосчууд “ирээдүйдээ итгэлтэйгээр” билгийн тооллоор шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Ням гарагт Умард Солонгосын оршин суугчид дэлхийг ажиглах "Кванменсон-4" /"Гэрэлтэгч од-4"/ хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг хөөргөсөн тухай мэдээллийг баяр хөөртэйгөөр хүлээн авсан байна. Пхеньяны эрх баригчид хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн гэж мэдэгджээ.

Энэ үйл явдал нь “шинжлэх ухаан, технологийн хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа Хөдөлмөрийн намын бодлогын нэг тод илрэл юм” гэж Умард Солонгосын Биеийн тамир, спортын дэд сайд Ким Бен Сик сэтгүүлчдэд  мэдэгджээ. Сурагч, оюутнууд хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн эх оронч эрдэмтдээс үлгэр жишээ авна гэдгээ амласан байна. Дэлхийг ажиглах хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог зам оруулсан нь “эрдэмтэд, инженерүүдийн Умард Солонгосын удирдагчид, Солонгосын Хөдөлмөрийн намд болон ард түмэндээ барьсан бэлэг боллоо” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг цохон тэмдэглэжээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар, хиймэл дагуулыг дэлхийн гадаргууг ажиглахад ашиглах аж.

Умард Солонгост билгийн тооллын шинэ жилийн баярыг даруухан тэмдэглэдэг байна. Өнөө өглөө Пхеньян хотын төвд суурилуулсан Ким Ир Сен болон Ким Жөн Ирийн аварга том хөшөөнд олон солонгос очиж, “агуу хоёр генералиссимус”-ын дурсгалыг хүндэтгэжээ. Шинэ жилийн баярыг тохиолдуулан тус улсын оршин суугчид гурван өдөр амрана. Тэд амралтын энэ багахан хугацааг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх, төрөл төрөгсөдтэйгөө уулзахад зориулна. Умард Солонгосчууд шинэ жилийн зоогт ихээхэн анхаарал хандуулж, маш нямбай бэлддэг ажээ. Учир нь зоогийн ширээ элбэг дэлбэг байх ёстой байна.

Билгийн тооллын шинэ жилийг Ким Жөн Ирийн үед Солонгосын ард түмний албан ёсны баяр болгосон бөгөөд үүнээс хойш өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ