Энэ жил нэг сая цагаач, дүрвэгч Европт ирж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-08 10:14:53

ЖЕНЕВ. /TASS/. Энэ жил Европт ирэх цагаач, дүрвэгчдийн тоо 2015 оныхтой адил нэг саяд хүрч магадгүй тухай Олон улсын цагаачлалын байгууллага /ОУЦБ/ мэдээллээ.

“Хүмүүс эх орноо орхиход хүргэж байгаа нөхцөлүүдэд томоохон өөрчлөлтийг бид олж харахгүй байна. Тиймээс үр дүн нь яагаад өөрчлөгдөнө гэж?” хэмээн ОУЦБ-ын албан ёсны төлөөлөгч Жоэл Миллман мэдэгджээ.

Тэрбээр энэ оны нэгдүгээр сард 65 мянга орчим дүрвэгч хөгшин Европт ирснийг сануулсан байна. “Ерөнхийдөө нэгдүгээр сар нь цагаачдын урсгал удааширдаг сар. Гэсэн хэдий ч хэдийн 65 мянган хүн Европт ирчихсэн байна. Хэрэв сар бүр ийм тооны хүн ирвэл оны эцэс гэхэд нийт тоо 780 мянга болно. Гэхдээ цагаач, дүрвэгчдийн урсгал зун илүү эрчимждэгийг бид туршлагаасаа мэднэ” гэж тэрбээр ярьжээ. Миллманы хэлснээр, Сирид зэвсэгт мөргөлдөөнд автсан бүсүүдэд амьдралын нөхцөлийг маш түргэн сайжруулбал энэ хандлагыг өөрчилж болох юм. Хэрэв маргааш гэнэт Сирид байлдааны ажиллагаа зогсвол олон сая хүн эх орондоо буцаж, гэр орноо, эрхэлж байсан аж ахуйгаа дахин босгохыг хүсч,  байдал үнэхээр маш хурдан өөрчлөгдөж магадгүй гэж тэрбээр онцлон ярьсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ