Шинээр барих хотхонуудад цагдаагийн нэгж ажиллана

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-05 10:23:40

Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх  дэд хөтөлбөр” хэрэгжүүлэх захирамж гаргажээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээллээр өнгөрсөн онд 17 мянга 939 гэмт хэрэг бүртгэгдсэний 5899 буюу 32,9 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ.  Энэ нь 2014 онтой харьцуулахад 13,2 хувиар өссөн үзүүлэлт юм.

“Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх  дэд хөтөлбөр”-ийн хүрээнд шинээр баригдаж байгаа барилга байгууламжууд NS 6423:2013 стандартын шаардлага хангасан камер,  харуул хамгаалтын алба, хяналтын цэгийн өрөөтэй байх, хотхоны зохион байгуулалтаар баригдаж буй хороолол бүрт цагдаагийн нэгж ажиллах бололцоо бүхий албаны байр, камерын хяналтын өрөөтэй байхаар төлөвлөхийг даалгажээ.

Мөн дүүргийн Засаг дарга нарт тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд  орчиндоо гэрэлтүүлэг, стандартын  шаардлага хангасан камер байршуулж   аюулгүй орчныг бүрдүүлж ажиллах чиглэлээр тогтоол, захирамж гаргахыг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ