ДЭМБ: "Зика" вирус 32 орон, газар нутагт тархаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-04 17:46:09

ЖЕНЕВ. /NHK/. “Зика” вирусийн халдвар 32 орон, газар нутагт тархаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдээд, шумуулаар дамждаг уг вирусийн халдвараас сэргийлэхийг хүмүүст анхааруулав.

Карибын тэнгисийн орнууд, Төв болон Өмнөд Америк, тухайлбал, Бразил, Мексик улсад халдвар хамгийн ихээр тархаад байна. Мөн Номхон далайн арлын Фижи, Самоа болон өөр хоёр улсад “Зика” вирусийн халдвар илэрчээ.

Шумуулд хатгуулахгүй байх нь халдвараас сэргийлэх хамгийн гол арга гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Грегори Хартл мэдэгдэв.

Шумуул үргээдэг бодис хэрэглэж, арьс ил гарахгүй хувцас өмсөхийг ДЭМБ хүмүүст зөвлөж байгаа бөгөөд унтахдаа шумуулаас хамгаалах тор хэрэглэж, хаалгаа хааж байх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ