Багдадыг тойруулж хана босгож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-04 16:02:17

БАГДАД. /AP/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын халдлагаас хамгаалахын тулд Иракийн Зэвсэгт хүчин нийслэл Багдад хотыг тойруулан бетон хана босгож эхэлжээ. Энэ тухай телевизийн “Al Arabiya” суваг тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.

Дэслэгч-генерал Абдул Амир аль-Шаммаригийн хэлснээр, хана Багдад хотыг бүх талаас нь хүрээлнэ. “Энэ хаалт нь террористуудад нийслэлд нэвтрэх эсвэл тэсрэх бодис оруулах, мөн энгийн иргэдийг хөнөөх, тэсрэх төхөөрөх суурилуулсан автомашинаар хотод орж ирэх боломж олгохгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

Ханыг Багдад хотоос баруун тийш 30 км зайтай газар оршдог Аль-Субайхат дүүргээс, “Лалын улс”-ын босогчдын хяналтдаа авсан Эль-Фаллужа хотын талаас босгож эхэлжээ. “BBC News”-ийн мэдээлснээр, хэт давруу үзэлтнүүд Иракийн хойд болон баруун хойд нутгийг хянасан хэвээр байна.

Сүүлийн үед “Лалын улс”-ын босогчид Багдад халдлага үйлдэх нь нэмэгджээ. Өнгөрсөн сарын дундуур босогчид аль-Жадда дүүрэгт мина суурилуулсан автомашин дэлбэлснийхээ дараа худалдааны төв рүү гал нээжээ. Үүний улмаас наад зах нь 18 хүн амиа алдсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ