Номхон далай дамнасан худалдааны гэрээнд гарын үсэг зурав

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-02-04 14:54:05

СИДНЕЙ. /TASS/. Дэлхийн 12 орны Худалдааны сайд нар Шинэ Зеландын Окленд хотод бүс нутгийн эдийн засгийн шинэ нэгдэл болох “Номхон далай дамнасан түншлэл” /НДДТ/ байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг баримт бичигт Австрали, Бруней, Вьетнам, Канад, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, АНУ, Сингапур, Чили болон Япон улсын худалдааны сайд нар гарын үсэг зурсан байна.

НДДТ нь Ази Номхон далайн бүс нутагт бараа бүтээгдэхүүнүүдийг болон үйлчилгээг гаалийн татвараас бүрэн чөлөөлөх тухай худалдааны гэрээ юм.

НДДТ-ийн гэрээнд оролцогч бүх орон баталсны дараа уг гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд үүнд ойролцоогоор хоёр жил шаардагдах төлөвтэй байна.

Гарын үсэг зурах ёслол болсны дараа зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр улсынх нь парламент худалдааны гэрээг энэ онд батална гэж найдаж буйгаа Шинэ Зеланд, Австрали, Чили, Мексик болон Сингапурын сайд нар илэрхийлжээ. Үлдсэн сайд нар гэрээг батлах хугацааг хэлээгүй боловч гэрээг батална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ