Г.Отгонжаргал залуучуудын 4 удаагийн улсын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-03 10:36:59

2016 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ, эрэгтэй 36 дахь, эмэгтэй 10 дахь удаагийн УАШТ Спортын төв ордонд эхэлж зарим жингийн аваргууд тодорлоо.

Энэ тэмцээнд “Алдар” спорт хороо, “Аварга” биеийн тамирийн дээд сургууль, МҮИС, МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, “Алдартан”, “Ганьт”, “Женко”, Орхон аймгийн “Хангарьд”, “Харгант-Цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Цастын барс” клуб, нийслэлийн Баянзүрх, Налайх, Сонгино-Хайрхан, Чингэлтэй дүүрэг, Булган, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 33 спорт хороо, клуб, дүүрэг, аймгийн нийт 310 орчим залуу бөхчүүд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ю.Батсайхан ажиллаж байна.
Тэмцээнийг нээж МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх үг хэлэхдээ “2016 он бол маш чухал жил юм. Энэ зун Бразил улсын Рио-де-Жанейро хотод Зуны олимпийн наадам болно. Олимпийн наадмын “The first “Last-Chance” сонгон шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сард манай нийслэлд болно. Та нарын ах, эгч нар олимпийн 6 эрх нэмж авч олимпийн наадамд бүтэн багаараа оролцохын төлөө явж байна. Тэдний залгамж халаа болсон залуу бөхчүүд Та нарын хувьд ч Францын Маконь хотод болох залуучуудын ДАШТ, Филиппин улсын Манила хотод болох тивийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон чухал тэмцээнд амжилттай оролцох үүрэг хариуцлага ногдож байна. Эдгээр тэмцээнд эх орноо төлөөлж оролцох залуу бөхчүүдийг сонгон шалгаруулах гол шалгуур нь энэ УАШТ болж байна. Иймд залуу бөхчүүд Та нартаа энэ тэмцээнд ур чадвараа гайхуулан өрсөлдөж спортын өндөр гаргахыг хүсэж байна.” гэж онцлон хэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны Завхан аймаг харицсан дэд ерөнхийлөгч, “Монгол сан” компанийн захирал Д.Мягмарсүрэн, Мэргэжлийн зөвлөлийн дарга, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр, мэргэжлийн зөвлөх, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин нар оролцлоо.

Нээлтийн ёслолд дуучин А.Хосбаяр оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 50, 66, 120 кг, эмэгтэй 44, 55 кг жингийн барилдаан болж Г.Отгонжаргал 4 дэх удаа, Н.Насанбуян, М.Жамсрандорж, Г.Пүрэвсүрэн, Х.Хишигбат нар анх удаа залуучуудын улсын аварга болжээ. Эхний өдөр медалийн төлөө барилдаанууд сонирхолтой, хурц өрсөлдөөнтэй болж барилдааны төгсгөлд ухаан гаргаж шийдсэн мэх хийсэн бөхчүүд нь медалийн оосроос атгаж байв. Эрэгтэй 120 кг-д алтан медалийн төлөөх М.Жамсрандорж, Х.Наранбаяр нарын барилдаан онц сонирхолтой болж хоёулаа шийдсэн мэх хийж бүхэл 4 оноо авч барилдаан 9:9 онооны харьцаагаар дуусаж М.Жамсрандорж олон бүхэл оноо авснаар ялалт байгуулсан.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 55 кг, 74 кг, 96 кг , эмэгтэй 48 кг, 59 кг, 67 кг-ын жигүүдийн барилдаан болно.

 

Холбоотой мэдээ