Төр иргэнээ нийгмийн даатгалаар хамгаалдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-01-30 18:52:19

Дархан-Уул аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга Л.Эрдэнэбилигтэй ярилцлаа.

Тэрээ, Манай хэлтэс өнгөрсөн онд иргэд даатгуулагчдад чиглэж төлөвлөсөн ажлууд маань бүрэн гүйцэд хийгдлээ.Өнгөрсөн онд бид нийгмийн даатгалын сангууддаа 32.4 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулж тэндээс олгох тэтгэвэр тэтгэмжүүдийг хугацаанд нь бүрэн олгосон. Хамт олон маань “Хэрэглэгчээ дээдэлсэн хамт олон” өргөмжлөлийг аймгаасаа ганцаараа авсан амжил бүтээл дүүрэн он боллоо. Өнгөрсөн онд бид бас малчин, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулах төлөвлөгөөгөө 105 хувиар давуулж биелүүлсэн амжилтаа энэ жил бататгаж эрүүл мэндийн даатгалд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийнхээ 98 хувийг хамруулах зорилт тавиад ажиллаж байна гэлээ.

-Энэ онд танайх нийтдээ хэчнээн хэмжээний орлого төвлөрүүлэх вэ? Төлөвлөгөө чинь өнгөрсөн жилийнхээ нэмэгдсэн үү?

-Бид нийгмийн даатгалд хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүрэн хамруулж сангууддаа 41.9 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулна. Мөн 62 тэрбум төгрөгийн зардал гаргах төлөвлөгөөнийхээ дагуу ажлаа явуулж байна. 2016 он бол “Ажил олгогч даатгуулагчийн жил” болгох зорилтыг салбарын хэмжээнд дэвшүүлсэн учраас энэ хүрээнд ажлаа явуулна. Бид түрүүчээс нь сумдаар явж байгаа тухайлбал Орхон суманд ажиллаж тамгын газартай нь 2016 онд хийх ажлынхаа талаар хамтарч төлөвлөгөөгөө гаргаж ажил олгогч даатгуулагчийг дэмжих жилийн хүрээнд малчид руу түлхүү чиглэсэн ажил зохиохоор боллоо. Энэ суманд хувиараа газар тариалан эрхэлж хүнсний ногоо тарьдаг иргэд дийлэнх нь байдаг учраас тэдэн рүү чиглэсэн, ажлын байран дээр нь хүрч ажиллах ажлуудыг зохион байгуулна. Бусад сумуудтай яг энэ жишгээр тухайн сумын онцлогт нь тохирсон ажил хөтөлбөрүүдыг хэрэгжүүлж ажиллана.

-Танайх оны эхний улиралд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Бид яг оны эхнээс нийгмийн даатгалын сангуудад хуримтлуулах мөнгөн дүн болон хамрагдах төлөвлөгөөнийхээ дагуу бүх сумдын нийт багийн Засаг дарга нар, их дээд сургуулиудын захирлуудтай 2016 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болж түрүүчээсээ зурагдаад явж байна. Энэ хүрээнд оюутан, малчид, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг бүрэн хамруулна.

-Нийгмийн хариуцлагын хувьд багагүй ажил хийдэг гэж сонссон. Ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Уламжлалт цагаан сарын баярыг угтаж нийгмийн хариуцлагын хүрээнд өрхийн орлого багатай иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч эдгээр иргэд рүү чиглэсэн ажил зохион байгуулахаар болсон. Тухайлбал ойрын үед орон гэргүй 23 иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулаад эрүүл мэндийн хураамжийн шимтгэлийг нь зохих хэмжээгээр нь хөнгөлж гэрээтэй ажилладаг иргэн, эрүүл мэндийн байгууллагуудад хандаж үнэгүй эмчилгээ, оношлогоо хийлгэх ажлыг зохион байгуулж эхэлснээ цаашид үргэлжлүүлнэ. Мөн амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн судлагааг НХҮХ-аас авч үүн дээрээ үндэслэж дараагийн удаагийн ажлаа явуулахаар төлөвлөсөн. Бид өнгөрсөн жил өрхийн орлого багатай, өндөр настан, хэвтэрт байдаг таван ахмадад гэрээр нь очиж хүндэтгэл үзүүлж хамт олноосоо цагаан сарынх нь идээ будааг бэлтгэж өгсөн. Энэ жил ч гэсэн үүнийгээ үргэлжлүүлэхээр улирлынхаа ажлын төлөвлөгөөнд тусгасан.

-Оны эхний улиралд багтаж чухам ямар ямар гол ажлыг хийхээр төлөвлөсөн бэ? Жил бүр тэмдэглэдэг нийгмийн даатгалын өдөр ч оны эхэнд тохиодог бил үү?

-Ирэх гурав, дөрөвдүгээр сард нийгмийн хамгааллын ажилтны өдрийг угтаж даатгалд хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийг хамруулж нэмэгдүүлнэ. Үүний цаана нийгмийн даатгалд хамрагдаагүй байгууллагуудын даатгуулагчид маань хохироод байдаг. Тэдний тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ үйлчилгээ авах эрх нь зөрчигддөг учраас энэ дагуу ажлын байрны тооллого хийж даатгал төлдөггүй байгууллагуудыг илрүүлэх ажил зохион байгуулна. “Нээлттэй хаалганы өдөрлөг” хэлбэрээр олон хүн төвлөрсөн Дархан зах, Номин худалдааны төв, Олон улсын худалдааны төв зэрэг газруудад бид шинэлэг хэлбэрээр сурталчилгаа явуулахын тулд сандал тавиад суугаад байх биш лангуу болгоноор нь орж хуулиа сурталчилж хүрч үйлчилж ялангуяа шинээр гарсан хууль тогтоомжуудыг хийгээд эхлэчихсэн. Тухайлбал Зэвсэгт хүчний 322 дугаар ангид хийсэн бол одоо төсөвт таван байгууллагад хийхээр бэлтгэж байна.

-Эрүүл мэндийн байгууллагууд түүний дотор эм хангамжийн байгууллагуудтай гэрээтэй ажилладаг. Шинэ оны гэрээгээ яаж хийж байгаа вэ? Бас тэтгэврийн настанд хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг биз дээ?

-Манайх аймгийн Нэгдсэн эмнэлгээс гадна хувийн хэвшлийн 11 эмнэлэг, 15 эмийн сантай гэрээтэй ажилладаг. Үүнд жилийн дүнгээр нийт 5.3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нь санхүүжүүлдэг. 2016 онд Эмийн сангууд 668 сая төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлтийг манайхаас авна. Бид эмийн сангуудтайгаа хамтарч өнгөрсөн долоо хоногт 2015 онд хийсэн ажлынхаа гэрээг дүгнэсэн бол энэ долоо хоногт 2016 оны гэрээгээ байгуулна. Энэ хүрээнд бид шинээр батлагдаж гарсан MS5060-15 стандартыг эмийн с ангуудад тавих нийтлэг шаардлага стандартуудаа мөрдүүлж ажиллана. Мөн иргэддээ тэгш хандах талд түлхүү анхаарч байгаа.

-Тэгш хандана гэдэг нь юу гэсэн үг вэ? Жаахан тодруулж хэлж өгөөч?

-Яагаад гэвэл мэдээлэл сайтай зарим иргэд эмийнхээ жорыг нэг дор бичүүлээд бөөнөөр нь аваад сар бүр хэрэглэдэг. Гэтэл зарим нь очихоор тухайн сарын санхүүжилт нь дууссан байдаг учир үүнд нь хяналт тавьж сар бүрийн нэгний өдөр нэгэн зэрэг эмийн үнийн хөнгөлөлтийг олгоё гэдэг журмыг хэвшүүлсэн. Түүнчлэн нэг даатгуулагч давтамжтайгаар өндөр үнэтэй эм авсан тохиолдол, тухайн даатгуулагчийн сар болгон аваад байгаад нь хяналт тавьж нэг сар өнжөөх зэрэг зохицуулалтыг эмийн сангуудтай хамтарч хийж байгаа. Өрхийн эмнэлгүүдээ энэ жил сургалт, сургталчилгаа хийж гэрээ байгуулахдаа эмийн сан болон хувийн хэвшлийн эмнэлгүүддээ шинэчлэн батлагдсан хууль тогтоомжуудын талаар сургалт явуулж энэ үеэрээ 2015 онд хийсэн ажлаа тайлагнах замаар тавина гэж төлөвлөсөн.

-Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөггүй байгууллага байдаг тэдгээр нь хур өр үүсгэдэг гэж ярьдаг. Ажилчдынхаа цалингаас нь шимтгэл авчихаад эргээд түүнийгээ даатгалд төлдөггүй газар бий юу? Авлага хэр зэрэг вэ?

-Сүүлийн үед байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шимтгэл төлөхөөс зайлсхийдэг нь харьцангуй багассан. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс болж зарим нэг томоохон аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн нь борлогдохгүйгээс жижиг аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө үзүүлэх зэрэг нөхцөл байдал үүсч байгаа. Гэхдээ манай Дарханы аж ахуйн нэгжүүд хариуцлагатай ажилладаг. Бүгдээрээ зуун хувь сайн байна гэж юу байхав бас боломж муутайгаас ч юм уу, эсвэл хариуцлаггүйгээс ч болоод тэр үү? Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаа хоцроодог, сар дамждаг тохиодол байгаа л даа. Ийм үед нь бид хяналт шалгалтын албаараа дамжуулж шалгалт хийгээд гарсан зөрчлийг илрүүлж “Нийгмийн Даатгалын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцож төлөөгүй хугацааны шимтгэлийг авч  ногдох алдангийг төлүүлэх ажлыг явуулдаг. 2015 оны жилийн эцсийн тайлангаар 4 тэрбум 19 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлагатай гарсан. Үүний 70 хувь нь томоохон дөрөвхөн аж ахуйн нэгжийн өр эзлэж байна. Тэхдээ тэд төлөхгүй байгаа биш төлж байгаа боловч бүтээгдэхүүнийх нь борлуулалтаас болж сар дамжсан тал бий. Тиймээс бид 2016 онд өр авлагаа барагдуулах ажлыг зохион байгуулж хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийг хамруулж илрүүлэх ажлыг түлхүү зохион байгуулж даатгуулагчдынхаа төлөө шинэлэг ажлуудыг хийнэ гэж төлөвлөн ажиллаж байна” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ