Бага ангийн сурагчдыг эцэг эхэд нь хүлээлгэн өгч хэвшихийг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-27 13:50:34

ЕБС, цэцэрлэгийн орчинд гарч буй зам тээврийн ослыг бууруулах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах зорилгоор  Нийслэлийн Боловсролын газрын дарга албан даалгавар гаргалаа.  

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг сургуулийн дотоод журам, сургуулийн захиргаа, эцэг эх, багшийн гурвалсан гэрээнд тусгахыг үүрэг болгов.

Мөн нийслэлийн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч хэвших, сургуулийн орчинд хүүхдүүдийн өртсөн зам тээврийн ослын талаар нарийвчилсан судалгаа гаргах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг ирэх сарын 1-нээс өмнө боловсруулж, хэрэгжилтийг хангахыг даалгалаа.

Цаашид сургуулийн орчинд гарсан зам тээврийн ослын судалгааг сар бүрийн 25-нд гаргаж байхыг холбогдох газруудад үүрэгджээ.

Сургуулиуд нийтийн тээврээр зорчдог сурагчдын судалгааг ирэх сарын 8-ны дотор гаргаж дүүргийнхээ боловсролын хэлтэст хүргүүлэх юм. Нэгдсэн дүнг дүүргүүдийн боловсролын хэлтэс ирэх сарын 15-нд танилцуулах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ