“Хэрлэнгийн хурд-2016”-д уралдах хүлэг морьдын нас, хүйс харгалзахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-27 11:49:35

“Хэрлэнгийн хурд-2016” даага, шүдлэн насны хурдан морины уралдааныг ирэх тавдугаар сарын 14-нд болохоор товложээ.

Тус уралдааныг энэ жилээс Төв аймгийн Баяндэлгэр сумын “Шувуун саарал” уяачдын холбоо зохион байгуулна. Хүлгээ уралдуулах уяачдыг 4 дүгээр сарын 1-н хүртэл бүртгэх бөгөөд хүйс харгалзахгүйгээр уралдуулахаараа онцлогтой. Уяачид энэ сард бүртгүүлж амжвал 300, ирэх сарын 29-ны дотор бол 400,  4 дүгээр сарын 1-нээс өмнө бол 500 мянган төгрөг төлөх юм.

Хэрлэн мөрний хөвөөнөө адуугаа маллаж, хүлэг морьдоо сойдог уяачид адууныхаа үүлдэр угсааг хурдны чиглэлээр сайжруулах, үржүүлгийн ажлыг үнэлэх, хурдан морины уралдааныг нутагтаа хөгжүүлэх зорилгоор энэхүү уралдааныг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгожээ.

Дашрамд сонирхуулахад, анхны уралдаанд 23 даага тоосоо өргөснөөс Төв аймгийн Архуст сумын уяач Ш.Энхбатын хээр түрүүлж, Багануур дүүргийн алдарт уяач М.Батсайханы хүрэн халзан аман хүзүүдсэн бол айргийн гуравт Багануур дүүргийн харьяат, аймгийн алдарт уяач Ө.Пүрэвбаатарын халтар, дөрөвт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уяач П.Бямбацэрэнгийн зээрд халзан, тавд Улаанбаатар хотын уяач С.Сандагдоржийн хээр хурдалсан юм. Харин 2015 оноос уяачдын саналыг үндэслэн шүдлэн насыг нэмж уралдуулсан.

Тус уралдааны даага 9, шүдлэн 10 км-ээс уралдах бөгөөд түрүүлсэн хүлгийн эзэнд бүртгэлийн хураамжийн 50, аман хүзүүнд хурдлуулсан эзэнд 20, айргийн гурав, дөрөв, тавд давхивал 10, найм, долоон хувийг олгоно. Харин зургаагаас 10-т давхисан хүлгийн эзэнд таван хувийг нь гардуулна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ