Газарзүйн мэдээллийн системийн сургалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 11:38:08

Байгаль хамгаалал, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар Монгол орны баруун хэсэг болон төвийн бүсэд “Монгол Алтай, Алтайн-Ар говиийн экологийн бүс нутаг”, “Хангай, Хөвсгөлийн экологийн бүс нутгийн үнэлгээ”-г хийж дуусчээ.

Тус үнэлгээний үр дүнг танилцуулах, түүнийг Ховд Их Сургууль өөрийн үйл ажилллагаанд хэрхэн ашиглаж болох талаар газарзүйн мэдээллийн системийн сургалтыг ХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн алба/ЭШИА/, Газарзүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна.

Тус сургалтад Газарзүйн мэдээллийн системийн анхан шатны сургалт, Экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнгийн хэрэглээ болон Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны захиалгаар гүйцэтгэж байгаа “Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яамны чадавхийг бэхжүүлэх, Биологийн олон янз байдал ба Байгаль хамгаалал” төслийн хүрээнд боловсруулсан нөлөөллийг бууруулах загвар программын сургалтууд явагдана.

Хичээлийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхимийн Газарзүйн мэдээллийн системийн багш Ч. Болорчулуун заах аж.

Сургалтанд аймаг бүрийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сав газрын захиргаа бүрээс төлөөлөл оролцох юм.

Одоогоор сургалтанд Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нийт 40 гаруй хүн оролцох хүсэлтээ ирүүлжээ.. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ