Аялал жуулчлалын улирлыг уртасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-25 16:57:52

Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд явуулах замаар шийдвэрлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргалаа.

Аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалж мэргэжлийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, тур операторууд өрсөлдөх чадвартай үнэ санал болгох, их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжгүй болдог. Зочид буудлын ор ашиглалт, агаарын тээврийн компаниудын суудал дүүргэлтийн түвшин ч улирлаас шууд хамаарч, аялал жуулчлал, түүнийг дагасан олон бизнесүүд 10 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог билээ.

Өнгөрсөн онд 129 мянга 534 гадаадын иргэн албан зорилгоор манай улсад жуулчилсны 44 мянга 508 нь 6, 7, 8 дугаар сард иржээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Төвлөрлийг сааруулах арга хэмжээ авснаар тур оператор компаниудад зуны улиралд авдаг жуулчдаа багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Төрийн байгууллагууд ч төсөв хэмнэх боломжтой болно. Учир нь бид Улаанбаатар хотын 4, 5 одтой 10 зочид буудалтай 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гадаад сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлж байгаа” гэв.

Улаанбаатар хот нь долоо хоногт дунджаар 5 чиглэлийн 20 олон улсын галт тэрэг, 7 авиа компанийн 9 чиглэлээр 50 орчим олон улсын нислэг хүлээн авдаг бүс нутгийн зам тээврийн зангилаа боловч зорчигч урсгалын хувьд жилийн саруудад ихээхэн ялгавартай байдаг. Нийт жуулчдын 44 хувь нь 7, 8, 9 дүгээр сард ирдэг тул энэ үед олон улсын нислэг болон зочид буудлуудад их хэмжээний ачаалал үүсдэг байна. Нийслэл хотын зүгээс хурал зөвлөгөөнөөс гадна өвлийн эвентэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй аж.

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ ирэх сарын 06-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ