ШШГЕГ-т Тахарын албыг шилжүүлнэ

Монголын мэдээ
batsaikhan@montsame.mn
2016-01-25 15:56:58

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.  УИХ-д Тахарын албаны тухай болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өргөн барих юм. Энэхүү хуулийн төсөлд одоогийн Тахарын ерөнхий газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын дэргэд Тахарын алба болгож, гэрч хохирогчийг хамгаалах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар тусгажээ.

Мөн Тахарын ерөнхий газрын одоогийн байрыг суллаж, хуучин Архивын барилгыг засч, тохижуулан нүүж орох шаардлагатайг салбарын сайд мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэх, шүүх эрх мэдлийн салбарыг шинэчлэх зорилгоор 2013 онд Тахарын албаны тухай болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсан. Дараа нь 2014 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын долоодугаар тогтоолоор Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах зорилготой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газар байгуулагдсан билээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Тахарын албаны 10 тойрог, 22 хэсгийн 550 гаруй алба хаагчид шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан байна. 2015 оны эцсээр Тахарын алба нийт 59 мянга 779 шүүх хуралдаан хуралдсанаас 37 мянга 546 шүүх хуралдааны журам сахиулан улсын хэмжээнд 44 шүүхийн байрны аюулгүй байдлыг хоногийн 24 цагийн туршид хамгаалан ажиллаж байгаа юм. Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх чиг үүргийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулсан тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр 11 мянга 765 яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааг хэрэгжүүлэн, 1697 шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн дагуу шүүх хуралдааны оролцогчдыг албадан ирүүлэх ажиллагааг 2015 онд гүйцэтгэжээ.Түүнчлэн иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах чиглэлээр нийт 3561 шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 2225 шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг биелүүлснээр хуралдаан хойшлох асуудал буурч, хэргийг цаг алдалгүй шийдвэрлэн шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдсан эерэг мэдээлэл байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоолоор батлагдсан “Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд улсын хэмжээнд 73 өргөдөл хүсэлт хүлээн авч, 85 гэрч, хохирогч, шүүгч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлыг Тахарын албан гардан зохион байгуулжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ