Дэлхийн стандартын шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-20 17:26:17

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол Улсад анх удаа  эрүүл мэнд, боловсрол, сургалтын үйл ажиллагаандаа “Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015” олон улсын стандартыг нэвтрүүлэхээр боллоо.

Ингэснээр дэлхийн стандартын шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэх боломжтой болж байна.

Тус төслийн нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ, “Чанарын удирдлагын тогтолцооны энэхүү стандартыг сургалтдаа нэвтрүүлснээр олон улсын стандартад нийцсэн чанартай сувилахуйн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх алхам  тавигдах төдийгүй ухаалаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлын эхлэл болох юм. Иймээс энэхүү стандартыг эрүүл мэнд, боловсрол, сургалтын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, цаашдын тогтвортой байдлыг ханган ажиллахад сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, оюутнуудын хамтын үйл ажиллагаан дээр бэхжиж эрүүл мэндийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай хүргэх болно” гэв.

Сувилахуйн сургууль нь туслах сувилагч, нүүр амны техникч, лабораторийн техникч, эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт угсралтын техникч, электроникч зэрэг 11 мэргэжлээр техникийн болон мэргэжлийн боловсролын түвшний үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг. Энэ хичээлийн жилд нийт 1822  оюутан суралцаж байгаагийн 372 нь шинээр элсчээ. Сувилахуй, анагаах ухааны боловсролын үйлчилгээг дэлхий нийтийн жишигт хүргэхийн тулд сургалтын хөтөлбөр, стандарт, сургалтын орчин материаллаг бааз, багшийн мэргэжил дээшлүүлэхэд олон шинэлэг үйл ажиллагааг нэвтрүүлсэн хэмээн сургуулийн удирдлагууд танилцуулав.

Мөн Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөлд хамарч, техникийн суурь чадамжийн лабораториуд, эрүүл мэнд, сувилахуйн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, мультимедиа, дуу бичлэгийн студийн техник хэрэгсэл, тавилга бүхий нийт нэг тэрбум гаруй сая төгрөгийн  хөрөнгө оруулалт тоног төхөөрөмжийн инновацийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Түүнчлэн төслөөр мэргэжлийн багш нарыг чадамжид суурилсан сургалтын аргазүйд сургах үе шаттай сургалтад хамруулж, зарим мэргэжлийн багш нарыг патологи, цитологийн чиглэлээр Австрали Улсын Холмесглен институтэд 1-4 долоо хоногийн хугацаатай  туршлага судлах хөтөлбөрт хамруулж хөтөлбөр, стандартын шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ