Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийг сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-19 21:07:25

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдэд зориулсан сургалтыг сургагч багш нарын баг хоёр дахь өдрөө үргэлжлүүллээ. Сургалтад нийт 11 иргэн хамрагдаж байна.

Уг нь 30 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст бүртгүүлээд байсан боловч үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага болон сургалтын төлбөр зэрэг асуудлаас бэрхшээн сургалтад хамрагдах иргэдийн тоо ийнхүү цөөрчээ.

Суралцагчид Сайнцагаан, Эрдэнэдалай сумын иргэд байна. Тэд сургалтын эхний өдөр хүүхэд хамгаалал, хууль эрхзүйн талаар мэдлэг авсан бол өнөөдөр хүүхдийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр суралцсан байна.

Цаашид хүүхдийн хоол тэжээл, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч, хөгжүүлэхэд чиглэсэн таван үндсэн чадамжийг  эзэмших ажээ.

Дундговь аймагт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 400 гаруй хүүхэд, үүн дээр хөгжлийн бэрхшээлтэй 190 гаруй хүүхэд бий гэсэн судалгааг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гаргасан бөгөөд тэдний 15 хувийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах ёстой гэж тооцвол ойролцоогоор 85  хүүхэд энэ үйлчилгээг хүртэхээр байгаа юм. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ харуулах эсэх талаар тэднээс санал авах ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ