Шатахуун түгээх станцуудын зарим нь стандарт зөрчжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 16:51:41

Дархан-Уул аймгийн Стандарчлал Хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын албаны шинжээч, хэмжилзүйн албаны улсын шалгагчид Дархан сумын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа таван аж ахуйн нэгж, байгууллагын 10 шатахуун түгээх станцад стандарт хэрэгжилтийн шалгалт хийв.

“Шатахуун түгээх станцын Техникийн ерөнхий шаардлага MNS 4628:2013” стандартын хэрэгжилт хэрхэн мөрдөгдөж байгааг шалгаж хэд хэдэн нийтлэг зөрчил гарчээ. Тухайлбал: Таван жил тутамд нэгээс доошгүй удаа битүүмжлэлийн шалгалт хийгээгүй, савыг суурилуулснаас хойш 10 жилийн дараа ханын зузааны нимгэрэлт, савны ашиглалтын нөөцөд эрх бүхий байгууллагаар сорилт хийлгэж баталгаажуулаагүй. Түгээгүүрийн худгууд, технологийн шугам хоолойд шатахуун асгарсан тохиолдолд хянах, хялбар аргаар илрүүлэх боломжгүй, технологийн хоолойд үүсэх ачааллыг буюу бат бэхийг хэмжсэн хэмжилтгүй. ШТС-ын шатахуун хадгалах сав нь хадгалж байгаа шатахууны болон суурилагдсан орчны физик, химийн үйлчлэлд тэсвэртэй эсэхийг шалгасан тэмдэглэл, баримт бичиггүй, мөн эрх бүхий байгууллагад үйлдвэрлэсэн, туршилт, чанарын баталгааны гэрчилгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн холбогдох заалт, Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”, Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ыг тус тус үндэслэн уг шалгалтыг хийсэн аж.

Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ