Абдельхамид Абаудын хамсаатан байж болзошгүй этгээдийг баривчлав

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-19 10:18:30

РАБАТ. /TASS/. Францын нийслэл Парис хотод өнгөрсөн оны 11 дүгээр сард үйлдсэн халдлагыг зохион байгуулагч террористтой шууд холбоотой байж болзошгүй марокко гаралтай Бельгийн иргэнийг Марокко улсын тусгай албаныхан баривчилсан байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яам даваа гарагт мэдээлжээ.

Тус яамны мэдээлснээр,  Марокко улсын Шүүхийн мөрдөн шалгах төв товчооны ажилтнууд нэгдүгээр сарын 15-нд тусгай ажиллагаа явуулсан байна. Баривчилгааг Мохаммедия хотод явуулжээ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, баривчлагдсан этгээд Парист халдлага үйлдсэн террористуудын нэгтэй хамт урьд нь Сирид очиж, “Жебхат ан-Нусра” бүлэглэлд нэгдсэнийхээ дараа террорист “Лалын улс” байгууллагад элсчээ. Тэрбээр Турк, Герман, Бельги, Ниперландад байсныхаа дараа Мароккод ирсэн гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Парист 11 дүгээр сарын 13-нд үйлдсэн цуврал халдлагын улмаас 130 хүн амиа алдсан билээ.

Уг халдлагын дараа Мароккогийн хүчнийхэн Парисын халдлагыг зохион байгуулагч 28 настай марокко гаралтай Бельгийн иргэн Абдельхамид Абаудын мөрөөр орох боломж олгосон мэдээллийг Францын хүчнийхэнд өгчээ. Парисын халдлагыг зохион байгуулагчийг Сен-Дени хотод ажиллагаа явуулах үеэр устгасан.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ