Ямаа хээл хаях тохиолдол гарч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-18 22:23:42

Нэгдүгээр сарын аравдаас эхлэн хүйтний эрч чангарч, ойрын өдрүүдэд цасан шуургатай байгаагаас малчид малаа хороо бууцанд нь хашин тэжээж эхэлсэн байна. Үүнээс улбаатайгаар бага насны мал дарагдаж үхэх тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар Гурвансайхан сумаас мэдээллээ.

Ойрын хугацаанд арав гаруй мал дарагдаж үхсэн бол өнгөрөгч долоо хоногийн байдлаар 20 илүү ямаа хээл хаясан байна. Зөвхөн Гурвансайхан сум гэлтгүй бусад суманд ч ийм бэрхшээл гарч байгааг аймгийн ХХААГ- аас мэдээлсэн юм.

Гурвансайхан сумын хувьд зудтай дөрвөн сумын нэг болж байгаа. Сумын нийт нутгаар цас 10- 28 см зузаан, зам харгуй битүүрсэн байдалтай байгаа бөгөөд өвсний хангамж тус суманд тулгамдаж ирсэн байна. Аюулгүйн нөөц дэх өвс эрт дууссан, нэмж Улаанбаатар хотоос энэ долоо хоногт өвс татахаар төлөвлөж байгааг сумын Засаг дарга Д. Төмөртогтох хэллээ.

Тус сумын 480 гаруй малчин өрхийн 50 гаруй нь 60 гаруй мянган малын хамт Өлзийт, Хулд, Сайхан- Овоо сумын нутагт оторлож яваа бол малчин өрхийн дийлэнх нь нутагтаа өвөлжиж байгаа ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ