АНУ Иранд 1.7 тэрбум доллар төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-18 10:04:48

ВАШИНГТОН. /Xinhua/. Одоогоос 35 жилийн өмнө АНУ-Иран хооронд үүссэн санхүүгийн маргаантай холбоотойгоор 1.7 тэрбум долларын өр, хүүг Иранд АНУ төлнө гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдсэн байна.

Итгэлцлийн сангийн 400 сая доллар болон 1.3 тэрбум долларын хүүг Иран хүлээн авна гэж Керри мэдэгдэлдээ дурджээ.

Өрийн маргаанаа зохицуулахаар Иран-АНУ 1981 онд Гааг хотын шүүхэд гомдол гаргасан байна. Зэвсгийн төлбөрийг буцаан олгохыг Иран шаардан, нэхэмжлэл гаргажээ.

Хоёр улс дипломат харилцаагаа таслахаас өмнө Иран АНУ-аас цэргийн техник худалдан авахаар Итгэлцлийн сангийн 400 сая долларыг хэрэглэсэн гэж мэдэгдэлд дурдав.

“Шүүн таслах ажиллагаа эрсдэлтэй учир талууд ажил хэрэгч хэлэлцээ хийж, уг асуудлыг шударгаар зохицуулах шийдвэрт хүрсэн” гэж Керри мэдэгдсэн байна.

Иранд олгох нөхөн төлбөрийг хүүгийн боломжит түвшнээр тогтоосон учир үүнээс өндөр өртөгтэй нэхэмжлэлийг Иран шүүхэд өгөх боломжгүй. Ингэснээр АНУ-ын татвар төлөгчид их хэмжээний мөнгө төлөх хариуцлагаас мултарч байна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ