"Дарсан" "Эбола"-гийн халдвар тарсан байж болзошгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
jargal@montsame.mn
2016-01-15 10:15:46

МОСКВА. /RIA Novsoti/. “Эбола” вирусийн халдварын тархалтыг дарж чадсанаа өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр мэдэгдсэн Сьерра-Леон улсын эрх баригчид уг вирусийн халдвар авсан байж болзошгүй тохиолдлыг шалгаж байна. Энэ тухай тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Үхлийн аюултай "Эбола"-гийн халдварын тархалт зогссоныг Баруун Африкийн тус улсын Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 7-нд мэдэгдсэн билээ. Үүний дараа тус улсад эрүүл мэндийн ажиглалтын 90 хоногийг зарласан юм.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Эбола”-гийн халдвар авсан байж болзошгүй өвчтөн тус улсын Тонколили тойрогт нас барсан байна.

Баруун Африкт “Эбола”-гийн халдварын тархалтыг дарсныг НҮБ-ын төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдээд ажиглалтаа үргэлжлүүлэх нь чухал болохыг онцлон хэлжээ.

“Эбола” вирусийн халдвар 2014 оны хоёрдугаар сард Гвиней улсад анх бүртгэгдэж, улмаар хөрш Сьерра-Леон, Либери улсад тархсан билээ. Халдвар тархсанаас хойш тус гурван оронд үхлийн аюултай уг вирусийн халдварыг 28 мянга гаруй хүн авснаас 11 мянга гаруй нь нас баржээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ