Улаанбурхан өвчин ихэсч, эмнэлэг ачаалалтай байна

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 09:15:34

Ховд аймагт өнгөрсөн оны зун Улаанбаатар хотоос автобусаар ирсэн зорчигчид улаан бурхан өвчин тээж ирсэн гэдэг. Үүнээс сэргийлж олон арга хэмжээ авч өдий хүрсэн ч уг өвчний дэгдэлт ихсэж байна. Энэ тухай Ховд аймгийн ЭМГ-ын тархвар судлаач их эмч С.Батөлзийтэй уулзаж тодрууллаа.

-Аймгийн эмнэлэгт улаанбурхан өвчний шинж тэмдгээр өвчилсөн хүмүүс ирэх нь ихсэж байна. Урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн оны зун тархсан улаан бурхан өвчнөөс сэргийлж бүх хүүхдүүдэд вакцин хийсэн. Улаан бурхан өвчин вирусын гаралтай цочмог халдварт өвчин,агаар дуслын замаар тархдаг.

Урьдчилан сэргийлэх вакцин хийхээр 3000 тун вакцин захиалсан ч 2000 тун вакцин,1500 А амин дэм ирснийг Ховд их сургууль,Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, цэргийн 123-р анги, Үенч, Дөргөн сумдад хуваарилж зохих насны хүмүүсийг дархлаажууллаа.

-Аймгийн төвд уг өвчний тархалт ихсэж байна гээд яригдаад байна?

-Уг өвчний дэгдэлт ихсэж байна. Өвчлөлийн тохиолдол ихэвчлэн Алтай, Булган, Үенч, Зэрэг сум, Ховд их сургууль, МСҮТөв, Цэргийн анги, Жаргалант сумын 7-р сургуулиас бүртгэгдээд байна. Хүн ам олонтой газар агаар, амьсгалын замаар тархаж байна. Ховд их сургуулийн зарим оюутнууд вакцин хийлгэхгүй гэж гарын үсэг зурчихаад 14 хоногийн дараа халдвар аваад ирж байна. Нэг 7 хоног ихсэж, нэг 7 хоног буурах байдлаар маш их хэлбэлзэлтэй байна.

- Уг өвчний улмаас эмнэлэгт ор хүрэлцэхгүй ачаалал ихсэж  байна гэсэн?

-Өнөөдрийн байдлаар аймгийн эмнэлэгт 240 орчим хүн уг өвчний оноштой бүртгэгдсэн. Манай халдвартын тасаг 10 хан ортой, ачаалал ихсэж харшлын тасагт 38 хүн хэвтүүлэн эмчилж байна. Мөн дотрын тасаг 30 ортой гэтэл 50 гаруй хүн хэвтэж байна. Эмнэлэгт орны хүрэлцээгүй ачаалал ихсэж байгаа учир зарим хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг өрхийн эмч нарын хяналтад явуулж, зөвлөгөө өгөөд гэрээр эмчилгээ хийж байна.  Эмч сувилагч нар илүү цагаар ажиллаж байна.

-Насны хувьд хэдэн настай хүмүүст зонхилон тохиолдож байгаа вэ?

-Жирэмсэн эмэгтэйчүүд, төрөх эх, 0-9 сартай хүүхэд,15-30 нас,40-60 насны хүмүүс өвчлөх тохиолдол их байна.

Нэмэлтээр өгөх улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин ховор байна. Халдварлалт 98 хувьтай байна.

-Өвчний тархалт ихсэж байгаа үед ард иргэд яаж сэргийлэх вэ?

-Халуурах, ханиалгах,нүдний салст үрэвсэх,амны салстанд улаан хүрээтэй цагаан толбо үүсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.Иргэд аль болох хөл хөдөлгөөн ихтэй, хүн олноор цугласан газар явахгүй байх, дулаан гэртээ байж амин дэмтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ